Залуучуудыг дэмжсэн хуулинд тэднийг хямд орон сууцаар хангах тухай асуудлыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-26 20:25:32

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Олон улсын түвшин дэх Залуучуудын хөгжлийн индексээр манай залуучуудын хөгжил 140 орноос 50-д жагсдаг. Харин нийгэмд оролцож байгаа үзүүлэлтээр нь авч үзвэл сүүл мушгидаг байна. Өөрөөр хэлбэл, залуучууд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх оролцооны хувьд тун хангалтгүй байдаг аж.

Гэтэл манай улсын хүн амын дунд эзлэх залуусын хувь хэмжээ ихээхэн жин дардаг. Тодруулбал 16-25 насны залуус хүн амын 35 хувийг эзэлдэг буюу гурван хүний нэг нь шинэ үеийнхэн юм. Өнөөдөр манай залуусын хувьд тулгамдаж буй олон асуудлууд байдаг тул Залуучуудыг дэмжсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан онцолж байв.

Өнөөдөр ажилгүйчүүдийн 3/2 нь залуус байдаг ба энэ харьцаа нийслэлд болон орон нутагт харилцан адилгүй байдаг байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харахад 70 хувьд нь МСҮТ төгсөгчдийг ажилд авахаар байдаг бол өнөөдөр дээд боловсрол эзэмшигчид түлхүү олон байна. Түүнчлэн нийт 200 мянган залуу гэр бүлийн 20 хувь нь л орон сууцтай байдаг тухай энэ үеэр дурдагдав. Иймээс Залуучуудыг дэмжсэн шинэ хуулинд залуусын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон асуудлыг тусгахын зэрэгцээ тэднийг хямд орон сууцаар хангах тухай заалтыг хүртэл тусгах гэнэ.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн хувьд энэ удаагийн УИХ, Засгийн газарт залуу хүн амдаа хөрөнгө оруулах түүхэн боломж бий болсныг тэмдэглээд, энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн мөнгө, хүчин чармайлт хэрэгтэй гэв. Яам, агентлаг, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөлөл энэ үеэр санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж холбогдох хуулиудад тусгуулахаар тогтов.

Б.Туул

Related news