ОРХОН: Эрдэнэт хотод 5000 оюутны хотхон барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-28 13:05:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хэрэгжих 12 төслийн нэг нь “Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор хотхон” байгуулах төсөл юм.


Аймгийн Засаг даргын 2012 оны 102 дугаар захирамжаар оюутны хотхон байгуулах зориулалтаар 50 га газрыг Оюут багийн 2а хорооллын урд олгосон. Энэ дагуу Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглэн оюутны цогцолбор хотхон байгуулах шийдвэр гарсан юм.


Урьдчилсан тооцооллоор 15 байгууламж бүхий 5000 оюутны хотхон байгуулна. Нийт өртөг нь 265 тэрбум төгрөг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 400 сая төгрөг тусган, ТЭЗҮ болон  ерөнхий төлөвлөгөөг  хийх тендерийг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан ч шаардлага хангасан санал ирээгүй байна. Иймд хотхоны ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г ШУТИС-аар хийлгэхээр Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаад байна.


Төслийн талаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү хэлэхдээ, ““Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглэн 5000 оюутны хотхон барих шийдвэр гарсан. Энэ хотхон цаашид уул уурхай, технологийн төрөлжсөн хотхон байх ёстой. Улаанбаатарт сургадаг зарим мэргэжлийг Эрдэнэт хотод төвлөрүүлэх, мөн төвлөрлийг сааруулах зорилготой юм. Нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн байгалийн нөөц хязгаарлагдмал. Тодорхой хугацааны дараа шавхагдана. Тэр үед оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг нь бий болгосон байна. Үйлдвэр ажиллаж байх хугацаанд гарсан мэдлэгийг аж үйлдвэрлэлд шингээнэ5000 оюутантай байх үед 417 багш, ажилтантай байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Одоогоор 159 багш, ажилчид манай сургуульд ажиллаж байна. Бодлогоор зарим хөтөлбөрийг ШУТИС-иас “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль руу шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах байх. Ингэж байж багшлах боловсон хүчнээ хангана гэж үзэж байна” гэлээ.


Төсөлд тусгаснаар нэгдүгээр ээлжийн барилга, байгууламжийг 2025-2028 онд, хоёрдугаар ээлжийг 2029-2031 онд барина.

 

Related news