СЭЛЭНГЭ: Политехник коллежоос их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-02 11:02:39

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 306 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ-ийн үйл ажиллагааг нэгтгэн политехник коллеж болгон өргөтгөсөн байна.

 

Энэ нь ХААИС-ийн хичээлүүдийн онцлог, мэргэжлийн индексийг хөрвүүлж, политехник коллежоос их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

 

Иймд бүс, орон нутгийн хөгжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, ажил олгогчдын захиалгыг үндэслэн тус коллеж элсэлтээ авч эхэлжээ.  

 

Тухайлбал, Сүхбаатар политехникийн коллеж 16 мэргэжлээр, Мандал сум дахь Зүүнхараа ПК нь 13 мэргэжлээр тус тус элсэлт авч, 2024-2025 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Зүүнхараа ПК нь орон нутгийн онцлог давуу талаа түшиглэн мэргэжлийн төрлөө нэмэгдүүлэхээр Хөдөө аж, ахуйн мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх байгууллагын урт хугацааны төлөвлөлтийн хүрээнд ойн техникч мэргэжлийн ангийг шинээр нээжээ.

 

Эдгээр Политехник коллежийг төгсөгчид цаашид ХААИС, ШУТИС-ийн 3 дугаар дамжаанд шууд элсэн орж, 2 жил суралцан бакалаврын боловсрол эзэмших боломжтой болсон байна.

 

Түүнчлэн гадаад хамтын ажиллагааны хүрээнд голч нь 3.0-аас дээш үнэлгээтэй төгсөгч, ОХУ-ын Буриад улсын ХАА-н академид 100 хувийн тэтгэлэгтэйгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.

 

Мөн төгсөгчид Солонгос улсын Сожон болон Намсөүлийн их сургуулиудад дэвшин суралцах, ажиллах, “Оюутан цэрэг” тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах олон боломж хүртэх давуу талтай юм.

Related news