Г.Бирваа агсан 20 шахам киноны хөгжмийг бичиж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-16 13:21:35

Энэ онд Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа мэндэлсний 100 жилийн ой тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний бүтээлийг алдаршуулах, хойч үед таниулах олон ажил нутаг оронд нь төдийгүй улсын хэмжээнд өрнөж байна. Энэ удаад Г.Бирваа агсны амьдралын замнал, уран бүтээлийнх нь тухайд товч толилуулъя.

Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа 1916 онд Баянхонгор аймгийн Баянговь сумд төрж, Эрдэнэцогт сумын “Гайхамшигт” хэмээх алдарт дуучин Гончигийнд үрчлэгдэн өсчээ. Тэрээр 1936 он хүртэл орон нутагтаа мал аж ахуй эрхлэн байгаад ардын цэргийн албанд татагдаж, Тамсагбулагийн 6дугаар дивизийн хөгжмийн салаанд хуваарилагдсанаар ирээдүйн урлагийн зам нь эхэлжээ. Цэргийн жагсаалын бүрээчээс ангийн хөгжмийн дарга болтол дэвшин ажиллаад, 1945-1948 онд Москвад хөгжмийн дарга нарын сургуульд суралцсан байна.

Улмаар 1950 оноос цэргийн үлээвэр найрал хөгжим, “Элдэв-Очир” кино театр, Хүүхэлдэйн театр, Улсын симфони найрал хөгжимд удирдаач, хөгжмийн багш, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар 1984 онд насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан, 1945 онд чөлөөлөх дайнд, 1944 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин.

Г.Бирваа 1940 оноос уран бүтээлийн ажлаа “Залуучуудын марш” хэмээх аялгуу бичиж эхэлснээс хойш нийтийн дуу, бүжгийн хөгжим, “Эрдэнэ тээлийн унага”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд” драм, “Их хурим” дуурь, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Баянбулгийнхан”, “Нэг ангийн хоёр” зэрэг 20-иод кино, “Маань хөгжөөх дуу”, “Дамдинчойжилын дорам” хэмээх симфони найраглал гэх мэт олон арван бүтээл туурвиж, дуунуудаараа “Хөдөө тийш”, “Зандан шоо”, “Хонгор нутаг” түүвэр ном хэвлүүлжээ. “Зандан шоо”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Намрын шөнө” нийтийн дуу, “Улаан дарцаг” киноны хөгжим, эрдүү хийлд зориулсан “Уянгын дуу” хэмээх концертын аяз зэрэг бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн байна. Шилдэг дуунуудынх нь эмхэтгэл “Хөдөө тийш” ном Улаанбаатарт 1966 онд хэвлэгджээ.

Тэрээр Улсын циркийн хөгжмийн удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагнал хүртэж байв.

Б.Мөнхзул

Related news