Охидын эрхийн чуулга уулзалтад 200 сурагч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-10-11 15:13:43

Охидууд эрхээ хэрхэн хамгаалах талаар санал зөвлөлдөх “Биднийг сонс” хоёрдугаар чуулганыг “Охидын хөдөлгөөн-Нийгмийн өөрчлөлт” уриан дор энэ сарын 14-нд зохион байгуулна.

“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус чуулганы талаар “Гүнж” төвийн нийгмийн ажилтан Б.Төгөлдөр, Монгол 3 дугаар сургуулийн сурагч Э.Мянганбаяр, 79 дүгээр сургуулийн сурагч О.Анхтуяа, Г.Халиун, Ц.Хонгорзул нар мэдээлэл хийв.   

“Биднийг сонс” охидын эрхийн хоёрдугаар чуулганд ЕБС-ийн 200 сурагч оролцож, өөрт тохиолдож буй эрх нь зөрчигдсөн асуудлуудаа хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах аж.

“Гүнж” төвийн хөгжлийн нийгмийн ажилтан Б.Гэрэлтуяа “2014 онд охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Анхдугаар чуулганаар сургуулийн орчинд охидын эрх зөрчигдөж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүрээнд “Охидод ээлтэй сургууль” компанит ажлыг хөдөө орон нутгийн нэг, Улаанбаатар хотын зургаан сургуульд өрнүүлсэн. Сургууль болгон дээр 10-15 гишүүнтэй охидын эрхийн клуб байгуулж тухайн хүүхдүүдээ охидын эрхийн чиглэлээр үе тэнгийн сургагч багшаар бэлтгэсэн. Тэдгээр гишүүд сургуулийнхаа эрсдлийг үнэлээд, эрсдлийг арилгах нөлөөллийн ажлуудыг хийсэн. Энэ чуулганы илтгэл мөн зохион байгуулалтыг өмнөх чуулганаар бий болсон охидын эрхийн клубын гишүүд хийж байна. Энэ жилийн чуулганыг Танан төвд зохион байгуулж, зорилтот бүлгийн 80, хөдөө орон нутаг болон хотын 120 сурагч оролцоно” гэв.

Чуулганаас гарсан шийдлийг зөвлөмж болгон холбогдох албан байгууллагууд хүргүүлэх юм байна.

Г.Даваамаа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news