Б.Чойжилсүрэн: Засгийн газар "Стэнд бай" хөтөлбөрт хамрах эцсийн шийдвэрээ гаргаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭСангийн сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-"Стэнд бай” хөтөлбөрт хамрах саналаа тавихаар Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтаар та АНУ-ыг зориод ирлээ. Шийдвэр яаж гарав?
-Монгол Улс Олон улсын валютын сан/ОУВС/-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээр явуулж байна. 10 дугаар сарын 20-ны үеэр ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно.
-ОУВС-гаас ямар нөхцөл тавьж байгаа гэж ойлгох вэ?
-Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамарна гэсэн эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Хэлэлцээр үргэлжилж байна. Техникийн баг ирээд үнэлгээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж авах асуудал тодорхой болно. Одоо хэлэх эрт байна.
-ОУВС манай улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэвэл хаанаас ямар эх үүсвэрээс мөнгө босгох вэ?
-Энэ талаар холбогдох хэлэлцээрүүд явж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар оруулаад эцэслэн баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад түүний дараа УИХ-д оруулна
-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү. Санхүүжилтийг нь олох боломж бий юү?
-Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжүүлэх шийдвэр гаргасан. Монголбанк үүнийг баталгаажуулаад ипотекийн зээлийг үргэлжүүлэх шийдвэрт хүрсэн. Санхүүжилтийг он дуустал Монголбанк хариуцаад явж байгаа.Оны дараа Засгийн газар, Монголбанк хамтраад дараагийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ.
-Монголбанк эх үүсвэр олохын тулд дахин мөнгө хэвлэнэ гэсэн мэдээлэл байна?
-Монголбанкны өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй. Хоёрдугаарт өмнө нь гаргасан ипотекийн зээлүүдийн эргэн төлөлт байгаа. Үүгээрээ тодорхой хэмжээнд санхүүжүүлэх боломж бий.
-Гаднын банкийг оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Одоогоор Засгийн газрын байр суурь бүрэн илэрхийлээгүй байна.
-Ерөнхий сайд Япон улсыг зорино. Энэ үеэр зээлийн асуудал ярих уу?
-Японтой олон талын асуудлаар хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийсэн нь дээр байх.
Б.Туул