Цаг уурын байгууллагатай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-10 21:28:12

Өмнөговь аймгийн удирдлагууд Ус цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ цаг уурын байгууллагатай хамтран ажилласнаар үйл ажиллагаанд нь ахиц гарна гэж үзэж байгаагаа хэллээ.

Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ нар тус байгууллагад зочилж үйл ажиллагаатай нь танилцан тулгамдаж буй ажлуудынх нь талаар санал солилцлоо.

Ту байгууллага нь хөдөө аж ахуйд нөлөөлж болзошгүй байгалийн эрсдэлт хүчин зүйлийн үр дагаврыг бууруулах, болзошгүй ган зуд, үер усны аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан мэдээлэх зорилгоор 1936 онд “Даланзадгад цаг уурын анхны станц” нэртэйгээр байнгын ажиглалт шинжилгээ хийж эхэлсэн түүхтэй ажээ. Сүүлийн жилүүдэд гантай тэмцэх орон тооны бус төв, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх экспедици, агаарын чанарын хяналтын харуул, байгаль орчны шинжилгээний лабораторитой болж үйл ажиллагааг өргөжүүлсээр байна. Үйл ажиллагааг илүү үр дүнтэй чанартай болгоход хөрөнгө санхүү, машин техник шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүст уламжиллаа.

Хэдийгээр төсвийн хүндрэлтэй байгаа ч бодлогоор дэмжин зарим асуудлыг шийдвэрлэхээ аймгийн удирдлагууд хэлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news