ӨМНӨГОВЬ: Уул, уурхайн бүс нутагт нэн шаардлагатай мэргэжлээр хүний нөөц бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль инженер, технологийн мэргэжилтнүүдийг дөрөв дэх жилдээ бэлтгэж байна.
Тус сургуулийн хичээлийн байр, багш ажилчдын цалин нийгмийн хангамжийг орон нутгаас хангаж өнөөдрийн байдлаар 380 гаруй оюутантай болон өргөжиж сургалтын үйл ажиллагаагаа Багшийн хөгжлийн ордонд явуулж байна.
Жилээс жилд суралцах оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа тул хичээлийн байр, дотуур байр, эмнэлэг, номын сан, багш ажилчдын байр, судалгааны төв бүхий сургалт эрдэм шинжилгээ,үйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулах хэрэгцээ шаардлага тулгарчээ.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар хамтын ажиллагааны гэрээг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.
Цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Даланзадгад сумын 10-р багт Соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд талд барьж байгуулахаар төлөвлөжээ.
Цаашлаад гэрээний хүрээнд зураг төслийг Засгийн газарт танилцуулж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Уулзалтаар уул, уурхайн бүс нутагт хэрэгцээ шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх шинэ ангиудыг нээн хичээллүүлэх, бодлогоор дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ШУТИС-ийн ректор болон ажлын багийн гишүүд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хичээл сургалтын үйл ажиллагаа жигдэч оюутнуудын тоо өсч, суралцах чадвар сайн цаашид хурдацтайгаар өргөжин тэлэх боломж байгааг онцоллоо.