Дорноговийн Айраг сумын ойролцоо цас хунгарлаж, зам хаагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-07 10:37:39

Дорноговь аймгийн зарим нутгаар энэ сарын 05-наас 06-ны хооронд орсон хүйтэн бороо төгсгөлдөө цас болж оржээ.

Энэ сарын 06-наас 07-нд шилжих шөнө тус аймгийн босоо тэнхлэгийн Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн авто зам  дагуу Айраг сумын нутгаар 10-60 см зузаан цас орж  авто замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, засмал замд хунгар тогтож халтиргаа гулгаа үүсчээ.

Тус сумаас зүүн тийш зам 64-ын хайрганы карьерын ойролцоо засмал зам цасанд хучигдаж тээврийн хэрэгсэл явахын аргагүй боллоо гэх иргэдийн дуудлагын  дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн  харьяа Айраг сум дахь аврах гал унтраах 23 дугаар ангиас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.

Энэ тухай 23 дугаар ангийн захирагч Н.Гэрэлт-Одоос тодруулахад  “Айраг суманд одоо ч  цас орсоор байна. Манайхаас тодорхой бүрэлдэхүүнтэй баг гарч зам дагуу ажиллаж байна. Жолооч нарт тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалд анхаарч, цаг агаарын мэдээ сайтар үзэж, зам гарахдаа аюул ослоос болгоомжилж хөдөлгөөнд оролцохыг анхааруулья” гэлээ. Үүнээс гадна Дэлгэрэх суманд цас орж эрчим хүч тасалдсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Х.Эрдэнэбулган

Related news