“Модтой хашаа” төслийн хүрээнд айл бүр 10 мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khandmaa@montsame.gov.mn
2024-05-07 10:13:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК цөлжилт, шар шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Модтой хашаа” төслийг санаачилсан байна. Төслийн хүрээнд Цогтцэций сумын айл өрх бүр хашаандаа 10 мод тарьж ургуулах ажээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, түүнийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийнхэн тус суманд ажиллаж байгаа юм. “Энержи Ресурс” компанийхан одоогоор 384 өрхөд 2,500 гаруй тарьц, суулгацыг тарааж, мод тарих, арчлах арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлснээ ажлын хэсгийнхэнд танилцуулжээ.

 

Хашаандаа мод тарьснаар амьдрах орчин, агаарын чанар сайжрахаас гадна жимс, жимсгэний мод тарьж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг Цогтцэций сумын иргэн Б.Баянмөнх энэ үеэр хэлсэн байна. Ажлын хэсгийн гишүүд мөн “Энержи Ресурс” ХХК-ийн байгуулсан Ойн зурвастай танилцаж, тус талбайд ой, газар тариалан хосолсон үйл ажиллагаа явуулж буй “Сөн дүүрэн” хоршооны төлөөлөлтэй уулзжээ.

 

Тус ойн зурвасын усалгаа, эрчим хүчний хангамжийг компаниас бүрдүүлэн Цогтцэций сумын айл өрхүүд өөрсдийн хэрэгцээний жимс, хүнсний ногоог тариалах боломжийг бий болгожээ.


Харин айл өрхүүд нэгдэн хоршоо байгуулж, бүтээгдэхүүнээ орон нутагт нийлүүлснээр нэг өрх жилд 3-9 сая төгрөгийн орлого олж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээр тус ойн зурваст мод тарих нь нэмэгдэж, модны тарьц, суулгацын эрэлт өссөн гэдгийг компанийн мэргэжилтнүүд энэ үеэр онцолжээ.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тарьж ургуулаад байна.




 

Related news