Оошёома П.Дэлгэрбаяр: Дээд зиндаанд дэвшсэн анхны башёдоо 10 давах зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 09:25:55

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нацү башёд дээд зиндаанд анх удаа дэвшин барилдахаар болсон “Нарүто” дэвжээний монгол бөх Оошёома П.Дэлгэрбаяр хэвлэлийн хурал хийжээ.


Тэрбээр оюутны ёкозүна бөгөөд макүшитагийн 15-аас мэргэжилд барилдах эрх авсан. 2021 оны арваннэгдүгээр сараас карьераа эхлүүлсэн тэрбээр хоёр жил зургаан сарын дараа дээд зиндаанд гарч ирсэн нь энэ.


Оошёома хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Маш их удаж байж, дэвшиж чадлаа. Жюүрёод орсноос хойш тун хэцүү байсан. Хоёр жил ч арай удаан байлаа. Сэтгэл зүйгээ өөрчилж чадсаны ачаар дээд зиндаанд орлоо. Өмнө нь доош хараад л макүшитад уначихвал яана гэсэн бодолтой барилддаг байсан. Харин сүүлийн үед урагшаа харж, дээд зиндаанд дэвших бодол хүчтэй барилдсан. Озэки Хоошёорюүтэй 2015 онд нэг онгоцоор Японд ирж байлаа. Ахлах сургуульд хамт суралцсан. Хоорондоо барилдаж байгаагүй болохоор түүнтэй барилдмаар байна.


Хоошёорюү ч “Барилдахаа хүлээж байгаа шүү” гэж хэлсэн. Дээд зиндааны эхний башёдоо 10 ялах зорилготой барилдана. Нэгдүгээр сард шинэ маэгашира Ооносато, гуравдугаар сард шинэ маэгашира Такэрүфүжи нар тодорсон. Надад ч гэсэн боломж байгаа гэж бодож байгаа. Чадвал түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд ч оролцох сон” гэжээ.

Related news