Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 35 хувиар өссөн байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-04-23 09:00:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс гадаад зах зээлд 2024 оны эхний улирлын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Түүний 9.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалт:

  • 57.0 хувийг нүүрс ,
  • 39.3 хувийг металлын хүдэр,
  • 2.9 хувийг газрын тос,
  • 0.8 хувийг бусад ашигт малтмал,

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 641.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Түүнээс гадна хүрэн нүүрс, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, төмрийн хүдэр, баяжуулсан нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш,хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 1.7 хувиас 3.7 дахин өссөн. Харин зэсийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, газрын тос 0.5–9.8 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.


Аж үйлдвэрийн нөгөө жигүүр болох боловсруулах салбарт металл бэлдэц, шингэн сүү, цэвэр спирт, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, ус, ундаа жүүс, шохой, цемент, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 2.0 - 91.8 хувиар өсжээ. Тус салбарт ийм өсөлт байгаач гурил, катодын зэс, малын мах, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7– 32.8 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт хэрхэн өссөнийг дээр дурдсан билээ. Түүнээс гадна цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 79.6 тэрбум төгрөгөөр өсжээ


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2024 оны 3 дугаар сард 307.5 (2015=100) болж, 2023 оны мөн үеэс 35.0 хувиар өссөн байна.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеэс 859.0 тэрбум төгрөгөөр өссөн байх юм.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл: Аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн: Аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ юм.

Related news