Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожтой тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 11:16:45

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрөөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожтой нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.


Эхний тоглолт ирэх зургадугаар сарын 7-нд Камбожийн Пномпень хотод, хариу тоглолтыг 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулах тов гарсан байна.


Түүнчлэн манай шигшээ багийг ирэх есдүгээр сард 2027 оны Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт, арваннэгдүгээр сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд хүлээж байгаа юм.


Тэгвэл Камбожтой хийх нөхөрсөг тоглолт нь дээрх хоёр тэмцээний өмнөх хамгийн том сорил болж буйгаараа онцлогтой ажээ. Эхний тоглолт зургадугаар сарын 7-ны 19:30 цагт /Улаанбаатарын цагаар/, хариу тоглолт 11-ний 17:00 цагт тус тус болно. Энэ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн 2024 онд хийж буй гурав дахь нөхөрсөг тоглолт болж байна.

Related news