Тэрбум мод: ШШГЕГ-ынхан хоёр жилийн хугацаанд 1.5 сая мод тарьжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-04-04 16:35:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор өнгөрсөн сард зохион байгуулсан Ойн салбарын үндэсний II чуулганы үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байгааг мэдээлсэн.


ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймгийн байгаль болон ногоон байгууламжид тарих мод сөөгийн жагсаалтад 330 сумын байгалийн бүс, бүслүүрийн зургийг гаргаж, тэнд ургах боломжтой 28 зүйл мод, 109 зүйл сөөг, хот сууринд ургах 21 зүйл мод, 73 зүйл сөөг тарих боломжтой гэсэн зөвлөмж гаргаад буй.


Монгол орон өргөн уудам нутагтай, эрс тэс уур амьсгалтай тул аймаг сумандаа ойн зурвас байгуулах, тарьж ургуулахад дээрх зөвлөмж ихээхэн ач тустай нь мэдээж билээ.


Уг үндэсний хөтөлбөрийг эхлүүлж байх 2021 онд эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийн өгч байсан зөвлөмж дээрх байдлаар ажил хэрэг болсон байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.


Бэлтгэл , үе шат:

  • 2021-2024 он

Монгол хүний гараар бүрдэх бүтээн байгуулалтын үе буюу энэхүү бэлтгэл ажлын хүрээнд, улсын хэмжээнд мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгийн 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.


Энэ бүтээн байгуулалтад төрийн байгууллага, хувийн хэвшил аж ахуйн нэгж өөр өөрийн нөөц боломжид тулгуурлан оролцож байна.


Тэднээс ШШГЕГ-ын хийж хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтийг авч үзвэл: 

2022 оны хавар, үрээр 404 450, үрсэлгээгээр 310 050, тарьц суулгацаар 37 041, нийт 751 541 мод тарьжээ. Мөн оны намар үрээр 23 834 ширхэг, тарьц, суулгацаар 87 600 ширхэг, нийт 111 434 мод тарьжээ. Харин 2023 оны хавар үрээр 28 000, харандаан үрсэлгээгээр 482 562, тарьц, суулгацаар 101 000 ширхэг, нийт 611 562 мод тарьсан байна. Мөн оны намар үрээр 11 173, тарьц, суулгацаар 69 675, нийт 80 848 мод тарьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1.5 сая мод тарьж ургуулж байна.


Аймаг, орон нутагт тарьж ургуулж буй мод:

Архангай 2023 онд мод үржүүлгийн газруудын талбайд 1-5 настай 10 гаруй төрөл зүйлийн 1.1 сая ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн байна. Цэнхэр, Булган, Ихтамир, Өгийнуур, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хотонт, Хайрхан сум дахь мод үржүүлгийн газруудад тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст модны 70 кг үр, 300 мянга гаруй мөчрийг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг технологийн дагуу гүйцэтгүүлжээ.


Завхан: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, 2023 онд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага 532 мянган модыг тарьж, арчлан ургуулж байна. Баянтэс Татмын ойжуулалтын ажлын хүрээнд улиас, бургас, чацаргана, үхрийн нүд, хайлаас гэсэн таван төрлийн нийт 12 мянган модыг суулгаж хайс хамгаалалттай болгожээ. Дээрх ажилд орон нутгаас 25 иргэн түр ажлын байраар хангагдан ажиллажээ.


Сэлэнгэ: Засгийн газартай 20.0 сая мод тарьж ургуулах гэрээтэй ч өөрсдийнхөө туршлагад тулгуурлан 627 мянган ширхэг модыг тарьж, ургуулахаар ажиллаж байна. Анх 27 мод үржүүлгийн газар байсан бол өнөөдөр 94 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мод үржүүлгийн үйл ажиллагааг эрхэлж 27 сая гаруй ширхэг нөөц тарьцтай болжээ.


Хэнтий: Биндэр сумын тухайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн зориулалтаар зургаан хэсэгт 10 300 гаруй мод суулгасан. Харин ойжуулалтын зориулалтаар 36 000 мод тарьжээ. Эдгээр нь “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шатад хийгдэж байгаа зарим нэг ажлын үзүүлэлт юм. Харин одоо ирэх 2026 он хүртэл эрчимжүүлэх үе шат үргэлжилнэ.


Эрчимжүүлэх үе шат:

  • 2024-2026 он,

Хүний өмнө тулгараад байгаа цөлжилт байгалийн нөхөн сэргээлтийг хийж эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хаана ямар зориулалтаар мод тарих талаар төлөвлөсөн байдаг. Тухайлбал:

  • Ойн хомсдол, доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 416 сая;
  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуургыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 165 сая;
  • Агро-ойн аж ахуй, жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 37 сая;
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг, шанд орчмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 154 сая;
  • Төв, суурин газрын ногоон байгууламж, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр 88 сая;
  • Авто зам, төмөр зам, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээг бий болгох чиглэлээр 140 сая мод тарьж ургуулна. Эдгээр нь өөр өөр бүс нутагт өөр өөр зориулалтаар хүний хүч хөдөлмөрөөр бүтэх ойжуулалт юм.

Тогтвортой үргэлжлэх үе шат:

  • 2027-2030 он,

Энэ зууны эхэнд устах аюулд тулсан Тужийн нарсыг сэргээхийн тулд 2000 оноос эхлэн нөхөн сэргээлт байдлаар тэнд мод тарилаа. Тэнд тарьсан түрүүчийн мод одоо 24 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тэнд зүгээр л мод тариад байгаагүй. Мод тарьж ургуулахад олон хүний хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө ордог юм билээ. Энэ сэргээн босгож байгаа ойжуулалтад БНСУ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж санхүүжилт хийсэн байдаг.


“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт санхүүжилт хэрэгтэй. Уул уурхайн компаниуд байгалийн эрдэс баялгийг шууд ашиглаж байгаагийн хувьд уг бүтээн байгуулалтын 50 хувьд хүрэх хэмжээний /500 сая ширхэг/ мод тарьж ургуулах амлалт үүрэг авсан байдаг. Тухайлбал, Оюу Толгой компани 100 сая мод тарихаар амлажээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ойн салбарын II чуулганы индэр дээрээс Оюу Толгой компани 100 сая модыг дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулах боломжтой гэдэг санааг хөнджээ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт санхүүжүүлэх хэлбэрээр оролцох боломжтой гэж байр сууриа илэрхийлж байгаа нь тэр болов уу. 


Монголчууд өнгөрсөн зуунд мод тарих ажлыг бүх нийтийн субботник гэж ойлгож үзэж тэр хэлбэрээр бий болгох гэж бүтэлгүйтжээ. Тэгвэл 21 дүгээр зуунд мод тарьж ургуулах нь хүний эзэмшсэн мэргэжил, ажлын байр, амьжиргааны эх үүсвэр хэмээн үзэж амьдралд хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болов.



Related news