Тэрбумтан Жон Мэлоун MotoGP-ийг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-28 10:33:49

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /РИА Новости/. “Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty Media компани засмал замын мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авах гэрээ байгуулахад тун ойрхон байгаа тухай Financial Times сонинд бичжээ.


Тус сонинд мэдээлснээр, MotoGP-ийн цуврал уралдааны эрхийг эзэмшдэг Dorna компанитай гэрээ байгуулсан тухай ирэх долоо хоногт олон нийтэд зарлаж магадгүй байна. Харин зохицуулагч байгууллагууд уг гэрээг сайтар хянана.


Америкийн бизнес эрхлэгч Жон Мэлоуны эзэмшилд байдаг Liberty Media компани “Формула-1” уралдааны эрхийг 2017 онд 4,4 тэрбум доллароор худалдан авч байсан бол өдгөө уг франчайзын зах зээлийн үнэлгээ нь 15 тэрбум долларт хүрчээ.


Спортын салбар дахь хамгийн баян “эзэнт гүрнүүд”-ийн жагсаалтыг 2023 онд Форбес сэтгүүл нийтлэхэд 21 тэрбум долларын хөрөнгөтэй Liberty Media тэргүүлжээ. Тус компанийн гол активууд бол Формула-1 /17,1 тэрбум ам.доллар/ ба бейсболын “Атланта Брейвз” баг /2,1 тэрбум ам.доллар/ юм. 

Related news