Улсын арслан Р.Пүрэвдагва гуравдугаар сарын бүх барилдаанд зодогложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-26 16:06:18

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард 13 барилдаан зохион байгууллаа.


Үүнээс 10 нь улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон барилдаан байв. Бөх сонирхогчид, үзэгчдийн анхаарлыг татсан хоёр ч энтертайнмент барилдаан болсноороо энэ сар онцлогтой байв. “Бүх оддын барилдаан”-д үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх хоёр багт хуваагдан барилдсан. Харин 64 бөхийн барилдаанд учраагаа анх удаа баззераар сонгосноороо онцлогтой.


Гуравдугаар сард зохион байгуулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий, Б.Серик, харцага Б.Зоригтбаатар, начин Э.Батмагнай, Л.Отгонбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар нэг түрүүлсэн бол харцага Г.Бадрах хоёр түрүүлжээ.


Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар гуравдугаар сард нэг түрүүлж, гурав үзүүрлэснээрээ онцлогтой. Харин улсын заан Б.Бат-Өлзий нэг түрүүлж, хоёр үзүүрлэжээ. Тэгвэл улсын заан Б.Серикийн барилдааны эрхийг бөхийн холбооноос сэргээснээс хойш тэр хоёр барилдаанд оролцохдоо нэг түрүүлж, нэг шөвгөрөв.


Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва гуравдугаар сард зохион байгуулсан бүх барилдааныг алгасалгүй зодоглосон цор ганц бөхөөр тодров. Түүний хувьд нэг үзүүрлэж, хоёр шөвгөрсөн амжилт үзүүлжээ.

Related news