Монголын тамирчид гараар татах хүчний Азийн аваргаас гурван алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-22 13:45:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын гараар татах хүчний холбооны тамирчид Киргизстаны Бишкек хотноо болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.


Тус тэмцээнд 30 орны 500 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монголын баг тамирчид гурван алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.


Тодруулбал, -110 кг-ын жинд гараар татах хүчний улсын дээд амжилтыг эзэмшигч, дэлхийн цомын гурван удаагийн аварга А.Чингүүн тус тэмцээнээс алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолсон юм.


Үүнээс гадна 90.5 кг-д улсын аварга шалгаруулах тэмцээн дээр бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Б.Төрбадрах, дэлхийн цомын аварга Т.Эрдэнэхүү нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тамирчдыг Монголын гараар татах хүчний холбооны Удирдах зөвлөлийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга удирдан оролцжээ.


Дашрамд сонирхуулахад, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальд Модун Шанью хааны дүрсийг бэлгэдэн урласан байна. 





Related news