Сүхбаатар сумын музей аргалийн чихмэлтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-03 11:38:55

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Орон нутаг судлах танхим /музей/-даа аргалийн чихмэлтэй боллоо. Өнгөрсөн өвлийн хүйтэнд Мөнххаанд сумын нутагт хөлдөж үхсэн аргалийг, сумынх нь засаг даргыг санал болгосоны дагуу хадгалж байгаад ийнхүү чихмэл хийлгүүлсэн нь энэ юм байна.

Энэ нь Сүхбаатар аймагт хийгдэж буй ахны аргалийн чихмэл юм. Учир нь Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд ч энэ төрлийн бүтэн чихмэл байдаггүй, энэ онд аргалын цээж чихмэлийг шинээр хийлгэн байрлуулсан. Энэ нь мөн өнгөрсөн өвлийн хүйтэнд Баяндэлгэр сумын нутагт үхсэн аргаль бөгөөд цээжин хэсгээс бусад газруудын үс нь унаж ашиглах боломжгүй болсон байжээ.

Сүхбаатар сумын их шүтээн Дархан хаан ууланд 2009, 2013 онуудад нэг,  нэг аргаль өөрөө гүйж ирж өнөөг хүртэл нутагласаар байгаа. Мөн сумын хойд хэсгээр хоёр гурван аргаль бий. Нутагт нь энэ сүрлэг амьтан байдаг гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ харж байсан нь ховор. Ялангуяа сургуулийн сурагчид, бага насны хүүхдүүд харж байгаагүй. Тиймээс сумын музейд аргалийн чихмэлийг байрлуулах нь маш их ач холбогдолтой. Сумын ЗДТГ-ын зүгээс сумынхаа музейд оруулж буй том хөрөнгө оруулалт хэмээн Сүхбаатар сумын засаг дарга Ц.Эрдэнэ ярьж байна.

Нэг аргалийн чихмэл хийлгэхэд ойроцоогоор 1,5 сая төгрөг шаардлагатай болдог байна.

Т. Одончимэг

 

Related news