ХӨВСГӨЛ: Монгол бичигтэн хөл бөмбөгийн багийнхан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Б.Долгор 8 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш.
Эх хэлээ эрхэмлэн дээдлэхийг багш Д.Доржпагамаас
суралцаж эдүгээ шавь нартаа үлгэрлэн сургаж явна. Түүний шавь нар “Монголын
сайхан бичигтэн-2023” олон улсын 27 дугаар уралдаанд анги нийтийн ангилалд Тэргүүн
байр эзэлсэн шилдэг хамт олон юм.
Сургуулийнхаа шилдэг хөл бөмбөгийн багийн хүүхдүүдийг эх хэлээ дээдлэгч хамт олон болгон төлөвшүүлсэн түүний туршлагаас хуваалцлаа.
-“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын 27 дугаар уралдаанд анги нийтийн
ангилалд Тэргүүн байр эзэлсэн хамт олонд баяр хүргэе. Ангиа хэзээнээс эхлэн
бэлтгэж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Монгол хүн болж төрсний хэрэг эх хэлээ дээдлэн шамдан суралцахаас өөр бахархал юу байх билээ. Багш хүний хувьд монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлж зааж сургахын төлөө хичээж явна.
Манай ангийн хүүхдүүд 6 дугаар ангидаа үсгээ үзээд үе холбож уншиж эхэлсэн. 7 дугаар ангидаа бүтэн үе эх текстийг уншиж сурсан. Монгол бичгээ идэвхтэй сурч байгаа хүүхдүүдэд илүү ихийг сурч мэдүүлэхээр өнгөрсөн жил Үндэсний тээгч, түгээгч улсын уралдаанд бэлтгэсэн. Бид 13 дугаар байр эзэлж амжилттай оролцсон.
Эндээс маш их урам авч "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэж аймагтаа 3 дугаар байрт шалгарсан. Харин улсад түрүүлсэн гэхэд нэг л итгэхгүй байсан. Шагналаа гардаж аваад л итгэсэн.
-Яагаад?
-“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаан 8-11 дүгээр ангийн ангилалд болдог. Ихэвчлэн ахлах ангийн сурагчид шилдэг болдог. 8 дугаар ангийн сурагчдын хувьд эхний 2 жил туршилт байдлаар оролцож мэдлэг, туршлага хуримтлуулаад 10-11 дүгээр ангид амжилт гаргах магадлалтай гэж бодож байсан. Тэгсэн манай анги түрүүллээ гэхээр гэнэтийн мэдээ байсан бөгөөд бас итгэж өгөхгүй байсан.
-Улсын
аварга анги хамт олон болсноор сурагчдад гарч буй өөрчлөлт байна уу?
-Маш их байна. Нэр хүндийг дагаж хариуцлага ирдэг гэдгийг хүүхдүүд маань ухамсарласан. Бид чинь аварга анги хамт олон юм чинь үймүүлж болохгүй, завсарлагаанаар гүйж болохгүй, биеэ зөв авч явах ёстой, хичээлээ таслахгүй гээд бие биедээ шаардлага тавьж байгаа хүүхдүүдээ хараад багш хүний хувьд бахархаж, үнэхээр их баяртай байна.
Одоо хүүхдүүд маань багш байсан байгаагүй бүгд суугаад хичээлээ хийдэг болсон. Сууж сурсан гэж хэлж болно. Зарим багш нар бүр гайхдаг юм. Танай ангийн хүүхдүүд ингэж өөрчлөгдөх гэж гээд.
-Тийм
их үймүүлдэг байсан юм уу?
-Манай ангийн охид, хөвгүүд хөл бөмбөгөөр хичээллэдэг, аймгийн аваргаар 2 удаа шалгарч байсан тамирчин хүүхдүүд. Хөл бөмбөгийн спорт бол маш их хурд, авхаалж самбаа шаарддаг.
Энэ ч үүднээс хүүхдүүд маань маш их хөдөлгөөнтэй, бэлтгэл болон тэмцээндээ ороод өмдөө шуугаад л ороод ирдэг байлаа. Харин монгол бичигт шамдан суралцаж эхэлснээр сууж сурсан, маш их өөрчлөгдөж бүтээлч хандлага сайжирсан.
-Таныг
монгол бичигт хөтөлсөн багшийнхаа тухай тодруулбал?
-Шавийн эрдэм багшаас гэж сайхан үг бий. Би Титэм сургуулийн багш Д.Доржпагма багшийн шавь. Багш маань анхны уран бичлэгийн дугуйланг орон нутагт явуулж олон хүнд эрдмийн охийг түгээсэн хүн.
Би багшийнхаа ачаар монгол бичигт дурлаж, суралцаж, сурсан мэдсэнээ шавь нартаа зааж сургахыг хичээж явна.
Мөн манай Сод-Эрдэм сургуулийн хамт олон монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилласны үр дүнд бид хүндтэй шагналыг хүртсэн.
Монголын сайхан бичигтэн уралдааны улсын аварга багш Ба.Алимаа, дэд байрын шагналт сурагч И.Уранцэцэг нараас үргэлж мэдэхгүй зүйлээ тодруулж, заалгаж зөвлөгөө авдаг. Ер нь хүн аливаа зүйлийг бусдаас асууж суралцаж байж чадварждаг шүү дээ. Монгол бичигт маш их нууц бий.
-Ирэх жилийн уралдаанд танай анги оролцох уу?
-Манай ангийн хамт олон бэлтгэлээ тасалдуулахгүй, гэхдээ ирэх жилийн уралдаанд оролцохгүй өнжөөд оролцоно. Миний хувьд ирэх жил өөр ангийг бэлдэж оролцоно. Зөвхөн өөрийн ангитайгаа хөгжих бус бусад хүүхдийг тэгш сургаж бэлтгэхийг зорьж байна.
-Танай
анги “Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалан уншдаг. Сурагчид сониноос юуг илүү
суралцаж байна?
-Манай ангийн хүүхдүүд “Хүмүүн бичиг” сониноос шинэ мэдээ сонирхон уншдаг. Мөн хичээнгүй бичгийг тогтмол дуурайлган бичдэг. Үүний үр дүнд монгол бичгийн тэг харьцааны учрыг ойлгосон гэж хэлж болно. Энэ нь улсын уралдаанд бэлтгэхэд илүү хялбар байсан. Б.Элбэгзаяа багшийн тэгийг яг дуурайж бичдэг. Уралдааны шагналаа авахдаа уулзаж хүүхдүүд маань санал хүсэлтээ солилцсондоо баяртай байгаа.
-Монгол бичигт маш их нууц бий гэж та хэлсэн?
-Тийм ээ. Маш их нууц бий. Сүүлийн үед монгол бичгээ түгээн дэлгэрүүлж хос бичигтэн болох зорилт тавьсан нь дэвшил юм. Бид монгол бичгээсээ нэлээн хөндийрсөн нь зарим судлаачийн сонирхолтой баримтуудаас харагддаг.
Тухайлбал хялгас, шүд, хэл гэдэг үгүүд хи, ши утга юмыг таслах, хуваах гэсэн утга хэдхэн үед явж байдаг гайхамшигтай шүү дээ. Монгол бичигт бидний судалж мэдээгүй маш их нууц байгаа гэдэгт би итгэдэг. Иймээс хүн бүр эх хэлээ дээдлэн судалж суралцаасай гэж хүсэж байна.