ДУНДГОВЬ: ТББ-ууд сар бүр тогтмол уулзаж уялдаа холбоотой ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-12 17:29:18
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, МЭХ-ны салбарын төлөөлөгчид өнөөдөр тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд уулзаж, орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх талаар хэлэлцэв.


Тус аймгийн хэмжээнд бүртгэлтэй 60 гаруй ТББ байгаагаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллага байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-дад санхүүжилтийн нөөц хязгаарлагдмал, ажиллах хүч цөөн, байгууллагууд хоорондын уялдаа холбоо байхгүй, иргэний нийгмийн зарим оролцогчийн мэдлэг, чадвар муу, нөлөөлөл хийх чадавх сул зэрэг асуудал тулгамддаг байна.


Тиймээс ТББ-ууд өөр өөрийн зорилго, чиглэлийн хүрээнд олон нийтийг хамарсан хурал, уулзалт зохион байгуулдаг ч үр дүн бага, судалгаанд үндэслэн бодлогын түвшинд нөлөөлөл хийдэггүй, хоорондоо мэдээлэл солилцдоггүй, төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа муу, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг чадавхжуулах чиглэлээр ажилладаггүй зэрэг алдаа, дутагдал байгааг уулзалтад оролцогчид тодорхойлжээ.


Гэхдээ ТББ-ын ажилтан, сайн дурын ажилтнуудын хувьд хөрвөх ур чадвар сайн, харилцаа холбоо тогтоох, баримт бичиг боловсруулах, хөтлөх, төсөл бичих, манлайлах чадвартай байгааг оролцогчид онцолсон.


ТББ-ууд цаашид сард нэг удаа уулзаж мэдээлэл солилцож, чадавхжуулах сургалт зохион байгуулах, төрийн байгууллагатай түншлэлийн хэмжээнд уулзалт хийж, хамтын ажиллагаагаа тодорхойлох, ТББ-ын ажилтнуудыг судалгаа хийх, төсөл бичих, хөрөнгө босгох, стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлээр чадавхжуулах, орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллах, ТББ-ын хөгжлийн төвтэй болох зэрэг хэрэгцээ байгааг тодорхойлсон байна.


Эхний ээлжинд тус уулзалтаар ТББ-ууд сар бүр уулзаж, мэдээллээ солилцдог байх шийдвэр гаргаж, эхний уулзалтыг МЭХ-ны Дундговь аймгийн салбарын тэргүүлэгчид зохион байгуулахаар болжээ. Ийнхүү тогтмол уулзсанаар ТББ-ууд чадавхжих төдийгүй аймгийн хөгжилд оролцоогоо тодорхойлон илүү хөгжлийн төлөө хамтран ажиллах боломж бүрдэх юм. 

Related news