Японы хөлбөмбөгчид Азийн цомын шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-01 11:24:24

ДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 1 /Reuters/. Азийн цомын тэмцээний дөрвөн удаагийн аварга Японы шигшээ баг лхагва гарагт Катарын “Al Thumama” цэнгэлдэх хүрээлэнд болсон шөвгийн 16-гийн тоглолтод Бахрейны хөлбөмбөгчдийг 3:1-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.


Бахрейны шигшээ багийн дасгалжуулагч Хуан Антонио Пицци 2019 онд өөрийнх нь удирдаж байсан Саудын Арабын шигшээ баг Японд хожигдож байсны хариуг авч, даагаа нэхэхээр хичээсэн боловч Хажимэ Мориясүгийн удирдсан баг гайхамшигтай тоглолтыг үзүүлж, Персийн булангийн орны хөлбөмбөгчдийг хялбархан буулган авчээ.


Тоглолтын 31 дэх минутад Японы хөлбөмбөгч Сэйя Майкүмагийн хүчтэй цохилтыг Бахрейны хаалгач хааж чадсан боловч хагас хамгаалагч Рицү Доан бөмбөгийг авч гоол оруулснаар Японы шигшээ тоглолтыг тэргүүлж эхэллээ. Улмаар тоглолтын эхний үеийн дараахан Такефүса Күбо гоолдсоноор онооны харьцаа 2:0 болжээ.


Харин 63 дахь минутад Японы хаалгач Сион Сүзүки Бахрейны хөлбөмбөгч Сайед Бакерын цохисон бөмбөгийг барьж авах үед бөмбөгийг толгойгоороо цохихыг оролдсон Аяасэ Үэдатай мөргөлдсөний улмаас хаалганд автогоол орж, тооны харьцаа 2:1 болов. 


Улмаар А.Үэда 71 дэх минутад Бахрейны гурван хамгаалагчийг хуурч, онооны харьцааг 3:1 болгосноор өөрийн хаалганд гоол хийсэн алдаагаа засжээ. Одоо Японы шигшээ баг шөвгийн наймд Иран, Сирийн шигшээ багуудын хожсонтой нь ирэх лхагва гарагт тоглоно.

 


 

 

Related news