Улсын хэмжээнд 570 сургууль, цэцэрлэг, 250 дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-16 14:41:56

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр эхэллээ.


Хуралдааны тов ёсоор Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан танилцууллаа.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ, парламент нь хууль тогтоох дээд байгууллага болохоос биш, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэггүй, тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзъя гэсэн бол, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, манай боловсролын салбарт 33 жилийн дараа шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, хамтад нь өргөн мэдүүлсэн хуулиудыг дагалдан гаргах 120 гаруй журам бий. Журмыг яам, Засгийн газар, Боловсролын ерөнхий газрын түвшинд гаргана. Хуулийг хэрэгжилтийг хангуулахад УИХ-аас Ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. “Хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх” гэснийг “Хэрэгжилтийг хангуулах талаар Ажлын хэсгийг байгуулсугай” гэж сольчихож болно хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан “Бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно” гэснийг үндэслэж тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудалгүй гэв.


Энэ өдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов. Сайд Л.Энх-Амгалан, уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаагаа онцолж, дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг УИХ-ын бүх гишүүнд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачилгаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 обьектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектыг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектын ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэл бэрхшээл байдаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан бид хоёр өнөөдөр энэ асуудлыг улс орны хэмжээнд ажил хэрэг болгуулж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Гэхдээ гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах, хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгааг тодруулав.


Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан бусад гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн, намрын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахдаа барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэлийг шалгаж үзээсэй хэмээн тэмдэглээд, асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулав.  

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, миний бие Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэл өгч, ажлаа хийхгүй, цалгардуулбал хариуцлага тооцно хэмээн анхааруулав.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн шүүмжилсэн юм.


УИХ-ын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна гэв. Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж, өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан дахин сануулж, санал, гомдол хүлээж суух хэрэггүй хэмээн шүүмжиллээ. Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг сануулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Related news