СҮХБААТАР: Модон оёдлын машиныг “Хосгүй үнэт үзмэр”-т дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-11 16:01:51

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзмэрийн нэг, уран сийлбэрч Х.Монхооройн урласан модон оёдлын машиныг Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт дэвшүүлж материалыг нь илгээжээ.

 

Түүний 1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машиныг урласан. энэхүү оёдлын машин нь Орос оёдлын машинтай харьцуулахад арай жижиг алхам холтой оёдог. Уг модон машин нь одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзмэрийн нэг болж олны хараа сонирхолыг татсаар байгаа юм. “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж тэрбээр хуучилдаг байжээ.

 

Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”,”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон” , "Зээрийн сүрэг", "Буга согоо" зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна.

 

Х.Монхоорой нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна.

 

Related news