ӨВӨРХАНГАЙ: Хужирт сумыг цэвэр, бохирын төвлөрсөн системд холбож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-11 15:54:45

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хужирт сумыг инженерийн шугам сүлжээнд холбож, байгууллага, айл өрхүүдийг ая тухтай орчин нөхцөлөөр хангаж байна.  

Азийн хөгжлийн банкны 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 9700 метр цэвэр усны шугам, хоногт 310 м.куб бохир зайлуулах чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж, 2800 метр гадна цахилгааны шугам сүлжээг татах болон усан сан байгуулах ажлыг тус суманд хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд гурван амралтын газар, 12 төсөвт байгууллага, хоёр нийтийн орон сууц цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоод байна.



Одоогоор 3080 метр цэвэр усны шугам, 1298 метр ариутгах татуургын шугам, 1485 метр дулаан хангамжийн шугам сүлжээ татах, ус түгээх байр барих ажлыг улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 65 хувьтай гүйцэтгэж байна.  Ингэснээр бусад амралт, сувиллын газрууд, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ.


Тус суманд Хужирт, Хан Хужирт, Элма, Ананд гэхчлэн сувиллын газрууд, “Хужирт” цэвэр усны үйлдвэр зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ дотоод, гадаадын аялагчид ихээр очдог улсын хэмжээнд томоохон сумдын нэг юм. 

Related news