Аргентин: Шинэ ерөнхийлөгчийн “цочир эмчилгээ”-ний жор

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-01-04 10:35:42

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын дундуур Хавьер Милей Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний маргаашаас эхлээд Аргентин даяар эдийн засгийн эрс шинэчлэлийн догшин хуй салхи дэгдлээ.


Ийм огцом өөрчлөлт дэлхийн аль ч улсад сүүлийн 30 гаруй жилд явагдаагүй тул эдийн засагчдын анхаарлыг татах нь зүйн хэрэг.


Милейгийн шинэчлэл нь 1990-ээд оны эхээр Орос, Польш, Монгол /алдартай 20 дугаар тогтоол/ зэрэг хуучин социалист орнуудад туршиж байсан неолиберал бодлогын хамгийн хурц хэлбэр болох “цочир эмчилгээ”-тэй төстэй төдийгүй түүнээс ч илүү цочмог хатуу байх төлөвтэй.


“Шок эмчилгээ”-ний хүрээнд “улс орныг сүйрүүлж буй хазаарлан боомилогч тогтолцооны эрх зүйн орчныг” өөрчлөх замаар эдийн засаг дахь төрийн оролцоог эрс хумихад чиглэсэн шинэчлэлийн 366 алхмыг хэрэгжүүлэх тухай зарлигт Х.Милей гарын үсэг зурлаа. 



“Өнөөдрөөс эхлэн Аргентины уналт зогсож байна. Аргентинчуудыг ядууралд хүргэсэн төрийн оролцооны хэв загвар төгсгөл болж байна” гэж Милей сонгуульд ялсан даруйдаа мэдэгдэж байсан юм.


Ер нь бол, сүүлийн жилүүдэд аргентинчуудын амьдрал доройтсон нь үнэн. Одоогийн байдлаар хүн амын 43 хувь нь ядууралд нэрвэгдэж, инфляц 143 хувьд хүрээд байна.


Ийм “эмгэнэлт байдлыг” засч залруулахын тулд төрийн зардлыг 15 хувиар буюу ДНБ-ний 2,9 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулах /Соёлын ба Боловсролын яамдууд, Төв банкийг татан буулгах, улсын төсвийн хөрөнгөөр барилга барихыг зогсоох г.м/ песогийн оронд америк долларыг гүйлгээнд оруулах гэх мэт эрс хатуу арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөжээ. Эдгээрээс хамгийн эхний цочир арга хэмжээ бол тус улсын үндэсний валют болох песогийн ханшийг 54 хувиар шууд унагаснаар нэг ам. доллар 800 песотой тэнцсэн явдал юм. Үүнийг дагаад шатахууны үнэ 2 дахин өсөв.


"Галзуу анархист" гэдэг хочтой болсон шинэ Ерөнхийлөгч амласан ёсоороо яамдуудын тоог хоёр дахин цөөлж, 18 байсныг 9 болгосон нь жирийн иргэдийн талархлыг хүлээв. Мөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хувьчлахаар төлөвлөжээ. Түүнчлэн төрийн өмчийн агаарын тээврийн компаниуд, нефть-хийн YPF корпорацийг хувьчлахын тулд тэдгээрийн статусыг өөрчлөх гэж байна.  Нийтдээ төрийн өмчийн 40 гаруй том компанийг хувьчлах бөгөөд хувьчлалд саад учруулж буй хуулиудыг бүгдийг нь хүчингүй болгоно.


Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд хэт барууны либертари үзэлт, өөрийгөө "анарх-капиталист" гэж нэрлэдэг Х.Милей шинэ он гарахын өмнөхөн эдийн засгийн ба төрийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төслийг Конгресст өргөн барилаа. Тэрбээр үйл ажиллагааныхаа эхний 100 хоногт төрийн зохицуулалтыг халах, эдийн засгийг либералчлахад чиглэсэн 30 арга хэмжээнээс бүрдэх хөтөлбөрөө танилцуулжээ. Үүнд: төрөөс үнийг хянаж зохицуулдаг байдлыг халах, гадаад худалдааг либералчлахын тулд гаалийн дүрэм журмуудыг шинэчлэх, Аргентины экспортын бараануудад тавьсан хязгаарлалтуудыг цуцлахаас эхлээд хотын нийтийн тээврийн салбарт олгож буй татаас ба цахилгааны үнийн хөнгөлөлтийг цуцлах, их дээд сургуулиудыг төлбөртэй болгох гэх мэт олон арга хэмжээг тусгажээ.


Шинэчлэлийн үйл явц нь аялал жуулчлал, автомашин үйлдвэрлэлийн салбарууд, хөл бөмбөгийн клубууд төдийгүй газар эзэмших эрх, Иргэний хууль, Худалдааны хууль гээд маш өргөн хүрээг хамарч байна. Ганцхан жишээ дурдахад, хиймэл дагуулын холбооны үйлчилгээний салбарт төрийн зохицуулалтыг халснаар И.Маскийн Starlink компани Аргентины зах зээлд нэвтрэх боломжтой гэх мэт.  


Х.Милей тангаргаа өргөсөн даруйдаа эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн салбарт 2 жилийн хугацаатай онцгой байдал зарлалаа. Түүний зарлигууд хүчин төгөлдөр болсон хэдий ч тэдгээрийг заавал Конгрессоор хэлэлцүүлэх ёстой. Гэтэл Милейгийн нам Сенатын нийт 72 суудлаас ердөө 8-ыг нь, доод танхимын 257 суудлаас 40-ыг нь аваад байгаа нь тун чамлалттай бөгөөд эдийн засагт онц байдал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг парламентын хоёр танхим хүчингүй болгох магадлал өндөр. Гэсэн хэдий ч доод танхимд 93 суудал, дээд танхимд 24 суудал эзэлж буй “Хамтдаа өөрчлөлтийн төлөө” эвслийн намуудад Милей ихээхэн найдлага тавьж байна. Ер нь бол Милей санаачилсан шинэчлэлээ хэрэгжүүлэхийн тулд ойрын үед 300 гаруй хууль ба эрхзүйн актуудыг цуцлах эсвэл тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.


Өмнө нь телевизэд эдийн засгийн тоймчоор ажиллаж байсан Милей макро эдийн засгийн мэдлэгтэй боловч тэрбээр яг өөрөө ийм эрс шинэчлэлийг санаачилсан гэвэл үнэмшил муутай. Шинэчлэлийн жинхэнэ автор бол Лос-Анжелест амьдардаг эдийн засгийн ухааны  профессор Федерико Штурзенеггер хэмээн ажиглагчид таамаглаж байна.


Ташрамд дурдахад, Аргентинаас 44 тэрбум долларын авлагатай Олон улсын валютын сан “цочир эмчилгээ”-г бүрэн дэмжиж байна. Тус сангийн мэдэгдэлд “эхний зоримог алхмууд нь валютын ханшийн горимыг бэхжүүлэх, хүн амын эмзэг давхаргыг хамгаалах зорилгоор улсын санхүүгийн байдлыг сайжруулахад чиглэсэн” гэдгийг дурджээ.


БРИКС-ээс татгалзсаны учир 


Шинэ оны эхний өдрөөс БРИКС-ийн гишүүн болох ёстой Аргентин улс уг гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа он дуусах мөчид буюу 28-ны өдөр мэдэгдсэн нь гадаад ертөнцийг алмайруулав. Тус улсын Гадаад хэргийн сайд Диана Мондиногийн мэдэгдсэнээр бол, Аргентин улс “либерал ардчилсан үзэл баримтлал бүхий улс орнууд” тухайлбал, АНУ, Израиль, Шинэ Зеланд, Европын Холбоо, Канадтай харилцаагаа түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа ажээ.


Нөгөөтэйгүүр, “коммунист улсууд” ба Ирантай нэг эвсэлд багтахыг хүсээгүй, БРИКС-т нэгдсэнээр эдийн засгийн ямар ашигтай вэ гэдэг нь тодорхойгүй зэрэг шалтгаанаар дээрх шийдвэрийг гаргасан хэмээн ажиглагчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, БРИКС-ээс татгалзсан нь Аргентины хувьд үзэл суртлын шинжтэй алхам юм. Гол хөрөнгө оруулагч Хятад улс, худалдааны гол түнш Бразилтай тогтоосон харилцаагаа хумиж, АНУ-ыг түшсэн бодлого явуулах гэж байгаа нь Милейгийн “шок эмчилгээ”-ний хүрээн дэх цочир шийдлүүдийн нэг юм. Тэр ч бүү хэл тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр МЕРКОСУР буюу Өмнөд Америкийн чөлөөт худалдааны холбооноос /Аргентин, Бразил, Уругвай, Парагвай / Аргентиныг гаргана гэж сүрдүүлж, Бразилын Ерөнхийлөгч Лула да Силваг “авлигажсан коммунист” гэж нэрлэж байсан удаатай.

Харин Бразилын өмнөх ерөнхийлөгч, хэт барууны үзэлт Жаир Болсонару хамгийн түрүүнд Милейд баяр хүргэхдээ “Өмнөд Америкт итгэл найдварын оч дахин сэргэлээ” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп завшааныг ашиглан Милейд хандаж “Чи Аргентиныг дахин агуу болгож чадна” хэмээн өөрийн сонгуулийн урианы үг хэмнэлд зохицуулан хэлсэн байна. 


Эсэргүүцлийн давалгаа


Аливаа шинэчлэл өөрчлөлт, тэр тусмаа Милейгийн хэрэгжүүлэх гэж буй цочир эмчилгээ гэх мэтийн  эрсдэлтэй алхмууд нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах нь анхнаасаа ойлгомжтой жам ёсны хэрэг юм.  


Шинэ Ерөнхийлөгч ямарваа хэлбэрийн эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон зарлиг гаргасан бол засгийн газрын зүгээс  “авто замыг хааж буй жагсагчдад нийгмийн халамжийн тэтгэмж олгохгүй, хүүхдүүдээ жагсаал цуглаанд оролцуулсан эцэг эхчүүдэд хариуцлага тооцно” гэж мэдэгдлээ.


Үүний сацуу Х.Милей “цочир эмчилгээ бол цорын ганц гарц бөгөөд түүнийг богино хугацаанд хийнэ” гэдгээ амлаад, эдийн засгийн байдал эхний хэдэн сард муудаж, удалгүй сайжрах тул “ухаалаг, тэвчээртэй” байхыг ард иргэдэд уриалав.


Гэсэн хэдий ч Аргентины хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас энэ сарын 24-ний өдөр бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна гэдгээ зарлан мэдэгджээ. Хэдхэн хоногийн өмнө 2001 оны 12 дугаар сарын 20-ны үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан жагсаал болж, түүнд оролцогчид песогийн ханшийг унагаж, төрийн татаасыг хумиж буйг эсэргүүцсэн байна.

Милейгийн өмнө засгийн эрхийг барьж байсан перонистууд шинэчлэлийн талаар хэлэхдээ “Үндсэн хуулийг сахих замаар улс орныг удирдах ёстой атал сонгуулийн урианаасаа салж чадахгүй байна” хэмээн шинэ ерөнхийлөгчийг шүүмжлээд, ганцхан зарлиг гаргаад маш олон хуульд өөрчлөлт оруулж болдог эсэхэд гайхан эргэлзэж байна.


Ямартаа ч эдийн засгийн “цочир эмчилгээ” Аргентины нийгмийг талцуулж эхэллээ. Улс төрд шинэ хүн гарч ирснээр эдийн засгийг ахархан хугацаанд илааршуулж чадна гэж олон аргентинчууд үнэн сэтгэлээсээ итгэж байв.


Харин Аргентины эдийн засгийг эрүүлжүүлэх үйл явц нь энхэл донхол ихтэй хүнд бэрх замыг туулж, ард иргэдээс багагүй золиос шаардах болно гэдгийг хамгийн өөдрөг бодолтой хүмүүс ч хүртэл мэдэрч эхэлжээ.  

Related news