ӨМНӨГОВЬ: Шилдэг эцэг эхийн зөвлөл, оны Онцлох хүүхдүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-25 11:26:59

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 15 сумын ЕБС-ийн сурагчдын дундаас амжилтаараа бусдыгаа манлайлсан “Онцлох хүүхдүүд”-ийг 2023 оны арванхоёрдугаар 22-ны өдөр шалгаруулан шагнаж урамшууллаа.

 

Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга, бүтээлч байдал төрөлд Даланзадгад сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн сурагч Э.Тэнүүн, сурлагын амжилт төрлөөр мөн сургуулийн сурагч Б.Маралжингоо, урлаг уран бүтээл төрөлд Даланзадгад сумын ЕБ-ын “Оюуны мэлмий” дөрөвдүгээр сургуулийн сурагч С.Анударь, биеийн тамир спорт төрөлд Даланзадгад сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн сурагч Г.Санчир, эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Даланзадгад сумын улсын тэргүүний Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Б.Доржсамба, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд мөн сургуулийн сурагч Б.Дүүрэнжаргал, хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд Даланзадгад сумын ЕБ-ын тавдугаар сургуулийн сурагч Г.Гүндэгмаа, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Өмнөговь аймгийн "Хүүхдийн зөвлөл", багийн амжилт төрөл Даланзадгад сумын "G-Mars" клуб тус тус шалгарчээ.

 


Харин хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн гуравдугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн чиг үүргээ сайн биелүүлж, байгууллагын албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн хөгжил оролцоог дэмжих, хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажилласан төрийн байгууллагын дэргэдэх “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийг шалгарууллаа.

 


Шилдэг эцэг эхийн зөвлөлөөр Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл, улсын бүртгэлийн хэлтсийн дэргэдэх эцэг эхийн зөвлөл, говийн байгаль түүхийн музейн дэргэдэх эцэг эхийн зөвлөл, Номгон сумын соёлын төвийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүд ажил үйлсээрээ тэргүүллээ. 

Related news