Хятадын эрдэмтэд агаараас ус цуглуулдаг шинэ төхөөрөмж бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-06 15:19:07

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /TASS/. Чийглэг агаараас килограмм тутам нь 6.4 литр ус шингээх чадвартай гидрогелэн суурьтай материалыг Хятадын эрдэмтэд гарган авсан нь ийм төрлийн ус цуглуулах төхөөрөмжийн хувьд түүхэн дээд үзүүлэлт боллоо. Анхны туршилтуудын үр дүнгийн талаар Applied Physics Reviews шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.


"Бидний бүтээсэн агаараас ус цуглуулах энэ технологийг хүний болон үйлдвэрийн газрын өдөр тутмын хэрэглээг хангах, мөн эрүүл ахуйн янз бүрийн зорилгоор ашиглаж болно" хэмээн Шанхай хотын Жяотонг их сургуулийн профессор Ван Ружу ярьж байна.


Сүүлийн 10 жилийн хугацаанд физикчид, инженерүүд хамгийн хуурай цөлийн агаараас ус цуглуулах чадвартай хэд хэдэн төхөөрөмжийг зохион бүтээжээ. Ерөнхийдөө ийм төхөөрөмжүүд нь хөөсөрхөг нано бөөмс буюу химичдийн нэрлэдгээр "металл-органик каркас"-аас усны уурыг цуглуулахад эрчим хүчийг нь ашигладаг нарны гэрлийг хураагч төхөөрөмж юм.


Профессор Ван Ружу хөөсөрхөг гидрогель ашиглан агаараас ус цуглуулдаг ийм төхөөрөмжийн илүү үр ашигтай, хэрэглэхэд хялбар хувилбарыг боловсруулж чаджээ. Гидрогель нь их хэмжээний чийгийг шингээж, удаан хугацаанд хадгалах чадвартай полимер бүтэц юм.


Эрдэмтэд өмнө нь агаараас усны уур цуглуулахын тулд гидрогелийг ашиглахыг оролдсон боловч тухайн үеийн гидрогель нь хөөс багатай байсан тул туршилт амжилтгүй болж байв. Хятадын физикчид ургамлын гаралтай полимерт суурилсан гидрогелийг усыг маш сайн шингээх чадвартай давстай хослуулан энэ асуудлыг шийдсэн байна. Энэ материалын анхны туршилтууд нь хуурай агаараас 1.2 литр, чийглэг агаараас 6.4 литр ус шингээх чадвартай болохыг харуулжээ.


Турбо сэнс болон нарны гэрлийг ашиглан, нарны гэрэл харьцангуй бага үед буюу өглөө, оройн цагаар ч гэсэн энэ усны 90 орчим хувийг богино хугацаанд гидрогелээс гаргаж авах боломжтой. Ийм материалыг ашиглан айл өрх, үйлдвэрүүд, нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудыг ундны цэвэр усаар байнга хангах боломжтой гэж судлаачид дүгнэжээ.



Related news