Америкчууд Саран дээр дахин сансрын аппарат газардуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-11-30 17:09:39

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /AFP/. "Apollo" хөтөлбөрийн сүүлчийн даалгавраас хойш 50 гаруй жилийн дараа ирэх нэгдүгээр сарын 25-нд Саран дээр дахин сансрын аппарат буулгахыг зорьж байна гэж Америкийн “Astrobotic компанийн тэргүүн мэдэгджээ.


Эл даалгавар амжилттай болбол “Astrobotic нь Сарны гадаргуу дээр аппаратаа амжилттай буулгаж чадсан анхны хувийн компани болох юм.


"Peregrine гэдэг нэртэй буугч аппаратын бүхээгт хүн сууж явахгүй, харин АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ "Artemis" хөтөлбөрийн жолоодлогот нислэгийг хийхээс өмнө Сарны орчныг судлах НАСА-гийн багаж хэрэгслийг тээн авч явна" гэж уг аппаратыг зохион бүтээсэн Astrobotic" компанийн гүйцэтгэх захирал Жон Торнтон мэдээлжээ.


Хэдэн жилийн өмнө НАСА шинжлэх ухааны туршилтын багаж хэрэгсэл, технологиудыг Сар луу илгээх ажлыг Америкийн компаниудад даалгахаар шийдсэн юм. Эдгээр гэрээ нь Саран дээр холбогдох үйл ажиллагааг явуулах, тээврийн үйлчилгээг хямд өртгөөр явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой ажээ.


Сансрын аппаратыг “ULA компанийн Vulcan Centaur хэмээх шинэ пуужингаар Флорида муж улсаас 12 дугаар сарын 24-нд хөөрөхөөр төлөвлөж байна. Түүний дараа Сарны тойрог замд хүрч очиход хэдхэн өдөр шаардагдах боловч тогтоосон байршилд газардахын тулд нэгдүгээр сарын 25-нд буух оролдлого хийх ажээ. Газардах үйл явц автомат горимд явагдах бөгөөд компанийн удирдлагын төвөөс хянана.


Энэ хавар Японы сансрын гарааны компани Саран дээр аппаратаа газардуулсан анхны хувийн компани болох оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон юм. 2019 онд Израил улс мөн дэлхийн дагуул дээр аппаратаа газардуулж чадаагүй. Саран дээр АНУ, Орос, Хятад, сүүлд Энэтхэг гэсэн дөрвөн улс л төхөөрөмжөө амжилттай газардуулж чадсан билээ.


НАСА агентлаг Astrobotic-ээс гадна Firefly Aerospace, Draper, Intuitive Machines зэрэг компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд "Artemis" хөтөлбөрийнхөө хүрээнд Сарны гадаргуу дээр бааз байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Related news