Хятадын сансрын станц руу ирэх онд дөрвөн хөлөг хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-11-20 15:19:05

БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /Xinhua/. Ирэх онд Хятад улс тойрог замын станц руугаа сансрын дөрвөн хөлөг хөөргөнө гэж тус улсын Жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн газраас мэдээлжээ.


WeChat олон нийтийн сүлжээн дэх тус байгууллагын хуудсанд мэдээлснээр, 2024 онд сансрын нисгэгч бүхий "Шэнжөү-18", "Шэнжөү-19" жолоодлогот хөлгүүд, мөн "Тянжөү-7", "Тянжөү-8" ачааны хөлгүүдийг хөөргөнө. Гэхдээ сансрын хөлгүүдийг хөөргөх огноог дурдаагүй байна.  


Үүний сацуу Хятадын төв телевизээр мэдээлснээр, "Тянжөү-8" хөлгийг ирэх оны эхээр Хайнань муж дахь Вэнчан сансрын хөлгийн буудлаас хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. 


Хятадын станц 400 орчим км-ийн өндөрт байрлаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа нь 10 гаруй жил юм. Залгах гурван зангилаа, задгай сансарт гарах гарц бүхий Т хэлбэртэй цогцолборын жин нь 66 тонн бол тасалгаануудын нийт эзлэхүүн 110 шоо метр ажээ. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол баг солигдох үед зургаа хүртэлх тооны нисэгчийг хүлээн авах боломжтой байна. "Тянгүн" буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн уг станцыг 2022 онд ашиглалтад оруулсан бөгөөд олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой юм.





Related news