АРХАНГАЙ: Малын тарга хүч аймгийн дунджаар 88.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-09 10:56:02

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан нь мал тарга тэвээрэг авахад нөлөөлсөн. Малын тарга хүч аймгийн дунджаар 88.2 хувьтай байгаа бөгөөд энэ өвөл, хавар байран тэжээлд 44.5 мянган мал, нэмэгдэл тэжээлд 652.4 мянган мал орохоор байна.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 8.3 хувьд бэлчээрийн нөөцтэй, 23.5 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 60.2 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 7.2 хувьд нь даац 3-5 дахин хэтэрсэн, 0.8 хувьд даац олон дахин хэтэрсэн гэж гарсан байна.


Өөрөөр хэлбэл, энэ өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 32 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 68,0 гаруй хувьд хэтэрч гарсан байдаг.


Эрдэнэмандал сумын Өлзийт, Төвшрүүлэх сумын Урантолгой, Өгийнуур сумын Зэгстэй,  Өлзийт сумын Хөшөөт, Хотонт сумын Хотонт, Ихтамир сумын Тайхар, Цахир сумын Жинс багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан  байна.


Харин Цэцэрлэг сумын Чулуут, Туулант, Хужирт, Жаргалант сумын Баян цагаан, Өндөр-Улаан сумын Тээл, Хангай сумын Ноён хангай, Булган сумын Зуун мод, Хашаат сумын Баян багуудын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан.

Аймгийн нутгийн  60  гаруй хувьд бэлччэрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.


Иймд өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлтгэж байна.

Related news