Д.Баттөмөр: Б.Явуухулан гуайн “Туулын урсгал шөнөдөө сайхан” шүлгээр дуу хийж сургуульд явсан хүн шүү дээ би

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-16 21:21:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөртэй уулзаж ярилцлаа.

                                         

Багшийн сургуулийн хувиартай Улаанбаатарт ирээд 

Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин болсон минь

-Таны урлагт хөл тавьсан тэр үеэс яриагаа эхлэх үү?

-Би 1960 онд нутагтаа сургууль  төгсөөд Багшийн сургуулийн хувиар авч Улаанбаатар хотод ирсэн хүн л дээ. Гэтэл “Улсын ардын дуу бүжгийн чуулга (УАДБЧ буюу одоогийн Үндэсний урлагийн их театр)-д хөгжимчин авна гэсэн зар гарсан байхыг олж үзлээ. Тэнд их хуур хөгжим бий болгоод түүнийг хөгжимдөх хүнийг сонгон шалгаруулж авах үүднээс ийм зар гаргасан байжээ. Түүнийг сүүлд тэнд хөгжимчин болсон хойноо мэдэж байгаа болохоос тухайн үед бол мэдээгүй. Намайг шалгалт өгөх гээд очиход комисс хүлээж аваад шалгасан. Тэгэхдээ чуулга 10 дугаар сарын 1 хүртэл амарна. Ажил эхлэх өдөр ирээрэй гээд шалгалтад тэнцсэн гэдэг албан бичиг хийж өгсөн. Түүнийг аваад нутаг руугаа гэртээ харилаа. Манайхан багшийн сургуульд орсонгүй гээд тун дурамжхан хүлээж авлаа. Ээжээрээ шинэ дээл хийлгэж өмсөөд жолооч Сэнгэ ахтайгаа 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатарт эргэн ирж ах минь намайг дагуулан УАДБЧ дээр очлоо. Тэд ч шалгалтад тэнцсэн гэдэг үүднээс намайг дагалдан хөгжимчнөөр авлаа. Ах, гэр орныхон маань тэгж үнэмшсэн, ийм л учиртай. Надаас шалгалт авсан комиссын дарга нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай байсан юм билээ. Ингэж урлагт хөл тавьсан байна.


-Дуу зохиож эхэлсний хувьд...

-Эхний 1 жил Чулуунбаатар (чуулгын их хуурын хөгжимчин) гуайгаар ноот заалгаж дагалдан хөгжимчнөөр ажиллалаа. Дараа жилээс мэргэжлийн шалгалт өгч мэргэжлийн хөгжимчин болох нь тэр. Дууны хөгжим зохиохын хувьд бас л нэг зүйлийг дурсан ярих хэрэгтэй болно. Тэр үед чуулга Говийн, Алтайн гэх мэт сэдэвчилсэн концерт бэлтгэж нийтэд хүргэдэг байсан юм. Тэр дагуу 1965 онд “Хангайн дуу” гэдэг концерт хийхээр боллоо. Л.Цогцолмаа (Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин) багш уран бүтээлчдийн дунд хурал хийгээд бидэнд хүн бүр оролцох ёстой“ гэж хэллээ. Нас залуу, чих зөөлөнтэй байжээ. Хүн бүхэн оролцох ёстой юм байна гэж бодоод дууны ая хийж оролцохоор дууны шүлгийн эрэлд гарлаа. “Залуучуудын үнэн” сонинд “Хэн гуайн гэрийн гадуур исгэрээд өнгөрөх сөн” гэж төгсдөг Сүрэнжав гэсэн автортой “Хээр морь минь” гэдэг шүлэг хэвлэгдсэн байна. Тэр шүлгийн эзнийг сурсан чинь “Монголын радио”-д ажилладаг хүн гэж сонслоо. Тэр үед одоогийн Төв шууданд “Монголын радио” байрлаж байсан. Тэнд очоод сониноос харсан нэрээ хэлээд сураглалаа. Жижүүр нь хүлээж байгаарай, гараад ирэхээр нь хэлээд өгнө гэдэг юм байна. Тэгээд хүлээгээд зогсож байтал гараад ирлээ гэнэ. Зорьж ирсэн хэрэг ээ түүнд хэлээд танилцлаа. Гэтэл надад:

                              Цэцгийн сайхан үнэртэй

                              Цэнхэр униарт хангай минь

                              Цэнгэлийн салхи үлээсэн  

                            Цээж тэнэгэр хангай минь  гэсэн бадагтай “Баян хангай” нэртэй шүлэг өгч, би түүнд анх удаа ая хийсэн дээ. Дуутай болчихоод хүнд үзүүлэх хэрэг гарна биз дээ. Тэгээд Л.Мөрдорж гуайн өрөөний үүдэнд очлоо. Д.Мяасүрэн (Ардын Жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч) гуай, Л.Мөрдорж гуай хоёр хоорондоо яриад сууж байна. Гадаа нь хүлээж баахан зогслоо. Хоёр хүний яриа төгсөх шинжгүй, тэгэхээр нь хаалгыг нь тогшоод орлоо. Дууны ая зохиосноо хэлээд тоглож тэдэнд сонсголоо. Л.Мөрдорж гуай, Д.Маяасүрэн гуайд хандаад “Чуулгад нийтийн дууны секц байдаг. Та түүнийг удирдаж байгаа. Манай Баттөмөр сайхан дуу хийсэн байна” гэж хэллээ шүү.


-Анхны уран бүтээл (дуу) төрлөө. Дараа дараагийн дуунууд өөр өөрийн түүхтэй байгаа даа...

-Ш.Сүрэнжав дараа нь надад “Намуун үдэш” шүлэг өгч, би түүнд ая зохион УГЖ, алдарт дуучин С.Цэрэндолгор дуулсан. Одоо дуулагдаж байна. Эргээд одоо бодож байхад олны мэддэг “Туулын урсгал шөнөдөө сайхан”, "Миний нутгийн бараа”, “Дуу минь дуу минь” дуунууд ар араасаа төрсөн гэж хэлж болно.


-Мэргэжлийн байгууллагад 5 жил хөгжим тоглосон хүн дуу зохион нийтийн дууны талбарт хөл тавьж байгаа нь тэр шүү дээ. Таныг нийтийн дууны талбарт орж ирэхэд энэ салбарын өнгө төрх ямархуу байсан юм бэ?

-Манай хөгжмийн 3 өндөрлөг С.Гончигсумлаа, Л.Мөрдорж ОХУ-д, Б.Дамдинсүрэн БНХАУ-д хөгжмийн дээд боловсрол эзэмшээд ирсэн. Мөн Д.Лувсаншарав, С.Дарамзагд багш Г.Бирваа, М.Норсонжав, Ж_Шараа, Ц.Сүхбаатар гуай гээд олон ахмадууд уран бүтээлээ хийж байлаа. 1960-аад он гэдэг бол орчин үеийн нийтийн дууны суурийг тэдний үеийнхэн бий болгочихсон байсан үе. Тэд бол энэ салбарын анхны суурь, өнгө төрхийг маш сайн, зөв тавьсан байжээ гэж одоо би боддог. Тэр үед Главлит /Хэвлэл, утга зохиолыг хянах газар/ дууг баталдаг байсан шүү дээ. Аваргуудын дуунууд гэдэг их сайхан, тэдэнтэй уялдаад яруу найрагчид нөгөө Ц.Гайтав, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Дашдооров гуай, Ш.Сүрэнжав, П.Бадарч гээд цаашаа явна даа. Тэр үеийнхний дунд явсандаа би өөрөөрөө их бахардаг.


-Та УАДБЧ хэмээх мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хөгжимчин байжээ. Мэргэжлийн хөгжимчин хүн хөгжим зохиоход бас арай дөт байна биз...

-Мэргэжлийн хөгжимчин бол тоглодог хөгжим өө л сайн мэднэ. Гэхдээ хөгжим зохиох түүнээс арай өөр.  Аялгуу зохиоход олон дамжлага дамжина. Тэр бүх дамжлагыг үзээгүй хүн чинь сургуульд явах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгээд би чинь 1968 онд мэргэжлийн сургуульд явах өргөдөл өгөхөд байгууллага, манай уран сайхны удирдагч алдарт хөгжмийн зохиолч Гончигийн Цэндорж зөвшөөрсөн юм. Тэр үед 10 дугаар анги төгсөөгүй, манай чуулгын Мэнд-Амар, Лхагвасүрэн, Самбалхүндэв гээд бидний үеийн  залуучууд оройгоор 10 дугаар анги төгссөн байсан юм. Тэр маань тэгэхэд маш их хэрэг болсон доо. Харин шалгалтад тэнцсэний дараа нэр дуудаад хувиар өгөөд байсан чинь миний нэр байдаггүй. Гэтэл Соёлын яамны зааварлагч Цэрэнханд “Улаан-Үүдийн соёлын дээд сургуулийн хөгжмийн удирдаачийн ангид чи явж болох юм байна” гэж хэлдэг юм. Гэтэл би “чадахгүй” гэж хэлдэг байгаа, өөрийгөө чамлаж байгаа нь тэр л дээ. Тэгээд би юу хэлчих вэ гэж бодоод тэр хуваарийг газар дээр нь шууд аваад Цэрэнхандад  баярлалаа гэж хэлсэн юм. Энэ сайхан хүний ачийг өнөөдөр би эргэн дурсаж ярих ёстой гэж бодож байна.


Сайд Ч.Лодойдамба гуай, Боловсролын сайд Д.Ишцэрэн гуай дээр биднийг дагуулж очиж хэлний бэлтгэл хаана хийх талаар  ярилцаад урлагийнхны хэлний бэлтгэлийг газар дээр нь хийлгэх шийдэлд хүрч би Улаан-Үүдэд 4 жил болсон хүн дээ. Оюутан болсныхоо эхний өвлийн амралтаар гэртээ ирэхдээ нэг ая зохиогоод ирлээ. Миний сайн таньдаг болсон яруу найрагч тэр үед ганцхан Ш.Сүрэнжав байлаа. Түүндээ аяаа тоглоод сонсголоо. Гэтэл маргааш ирээд шүлэг ав гэдэг юм байна. Ийм амархан байдаг юм байхдаа гэж гайхаж бодоод маргааш нь ирсэн чинь “ Миний нутгийн бараа” шүлгийг өгсөн. Шүлгийг аяны хайрцагт илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тааруулсан байсан. Ш.Сүрэнжав сонсголонтой, туршлагатай гэдэг нь тэндээс надад харагдсан байхгүй юу. УАДБЧ-ын дуучин УГЖ Д.Банзрагч анх дуулсан юм. Түүндээ урамшиж уран бүтээлд шимтэн орсон хүн байгаа юм.


-Тэгвэл та түмэнд түгсэн олон сайхан дууны хөгжмийг мэргэжлийн хөгжмийн зохиолч болохоосоо өмнө зохиосон хүн байна шүү дээ...

-Би сургууль төгсөж ирээд Сүхбаатар аймгийн чуулгад хөгжмийн багшаар ажилласан, дараа нь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Ховд аймаг, Эрдэнэт хотод хөгжмийн багшаар ажилласан. Тэндээс их юм сурсан гэж боддог шүү. Миний ажилласан аймгууд өөр өөрийн онцлогтой. Ховд аймаг олон ястны өлгий, Эрдэнэт залуусын хот байжээ. Сүхбаатар аймагт яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэнтэй хамтарсан “Сайхан гангийн шивнээ” дууг хийж, УГЖ С.Боорой дуулж олон нийтэд хүргэсэн байдаг. Ховд аймагт яруу найрагч Ш.Жамлийхаатай хамтарч “Нутгийн хөөрнө бүсгүй” дуу хийж, Ардын жүжигчин Д.Самбуу анх дуулсан байх юм. Түүнээс хойш олон жил өнгөрчээ.


-Эрдэнэт хотод  хэнтэй хамтарч  ямар  дуу хийсэн байна вэ?

-Эрдэнэтэд би 1979 онд очсон. Энд жаахан хуучлах хэрэгтэй болно. Намайг очоод 7 хоносны дараа цоо шинэ төгөлдөр хууртай орон сууц өгсөн л дөө. Тэнд намайг очлоо гээд тоож байгаа хүн байсан ч юм уу, үгүй юм уу би мэдэхгүй. Гэхдээ хөгжимчдөө ангидаа цуглуулчихаад дотроос нь түгжчихдэг. Тиймэрхүү л ажлын арга барилтай хүн байсан байна. Тэр загвараар ажил үргэлжилж байлаа. Гэтэл нэг өдөр /өдрийг нь санахгүй байна/ хүн хаалга зөөлхөн тогшоод байх юм, нэлээд удлаа. Тэгэхэд “би чинь арай хатуурхаад байгаа юм биш байгаа” гэсэн бодол толгойд орж ирлээ. Хаалга онгойлготол жижүүр “Таныг захиргаа дээр Тангадын Галсан гэдэг хүн дуудаад байна” гэдэг юм. Захиргаа руу очлоо. Гэтэл Жагдалын Лхагва /богино өгүүллэгийн мундаг зохиолч/ тэр хоёр байж байна. Тэд кино хийх гэж яваа юм байжээ. Тэдний хийсэн кино байдаг юм. Тухайн үед Эрдэнэт маань одоогийнх шиг болоогүй, оросын жижигхэн тосгон шиг байсан шүү дээ. Хоёр нөхрөө гэртээ авчирах санаатай дэлгүүр хоршоогоор орж хөөрхөн юм боллоо. Яг манайх руу явах гэтэл Т.Галсан “ангийнхаа хүүхэд дээр очно” гэдэг юм. Би явах замдаа тэр хоёрт Эрдэнэтээ магтаад байлаа. Тэнд очтол инженер бил үү дээ нэг эмэгтэй байсан, түүнд танай ангийн энэ мундаг зохиолчтой дуу хийнэ гээд хэлчихлээ. Т.Галсан дор нь шүлэг бичлээ. Тэгж “Эрдэнэтийн цагаан шөнө” дуу зохиогдсон шүү дээ. Эрдэнэтийнхэн одоо ч мэддэг, дуулдаг юм билээ. 

-Ардын дуу, зохиолын дуу, нийтийн дуу гэж яриад байна. Эдгээр чинь тус  тусдаа ойлголтууд уу, бүхэлд нь авч үзэх учиртай юм уу?

-Монгол үндэстэн бий болсон цагаас дуулагдаж байгаа агуу их уртын дуунаас эхтэй авьяастнууд бүтээсэн дуунууд зуунаас зуунд уламжлагдан ирсэн, цагийн уртад шигшигдсэн урьд ч, одоо ч, цаашдаа ч дуулагдах дуу бол ардын дуу. Ахмад хөгжмийн зохиолчдын 1930, 1940-өөд онд зохиосон зохиолын дуунууд байна. Хэн, хэзээ, хэрхэн зохиосныг харгалзахгүй бүгд дуулдаг ардын дуу шиг болчихсон одоо ч, цаашдаа ч дуулагдах дуунууд бас байна. Миний дээр хэлсэн гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн  хөгжмийн зохиолчид цаг үеэ дуулахаас гадна энгийн, мөнхийн сэдэвтэй зохиолын дуутай болж эхэлсэн байна.


-Урлаг, соёл, утга зохиолын салбарт 20 дугаар зууны төлөөлөгчдийг одоо бид “алтан үеийнхэн” гэж яриад байна. Энэ хэр зэрэг оносон нэр томьёо юм бол. Тэд алтан үеийнхэн мөн үү?

-Тухайн цаг үеийн хэмжүүрээр дээд боловсрол эзэмшээд ирсэн, ахмад хөгжмийн зохиолчид өөрсдөө уран бүтээл хийж, бүтээхийн зэрэгцээ дараа үеийнхэндээ чиг баримжаа олгоод зааж сургаад иржээ. Тийм учраас яах аргагүй орчин үеийн нийтийн дууны алтан үеийнхэн гэж хэлхээс өөр арга байхгүй гэж би бодож явдаг шүү.

                                               

Миний “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” дууг 

Л.Нарангэрэл гэдэг эмэгтэй маш сайхан дуулж байгаа

-Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нийтийн дууны тухай ярихдаа, 1960-аад онд Зундуйн Батсүх, Дашдаваагийн Баттөмөр гэж хоёр хүн нийтийн дууны хөгжим зохиож эхэлсэн гэж онцолж хэлсэн байна. Танай салбарын томоохон төлөөлөгч өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүн хэлсэн учраас та хоёроос үүдэлтэй бас нэг үе нийтийн дуунд гарч иржээ гэж ойлгосон. Танай үеийнхэн орж ирээд  ямар шинэ зүйлийг бий болгосон юм бол. Энэ талаар ярих уу?

-Би өөрөө Хөгжим бүжиг, Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөөгүй болохоор манай ангийнхан гэх юм байхгүй. Ийм нэг зовлон надад бий. Тэгэхээр Н.Жанцанноров маань намайг энд хамруулж хэлж л дээ. УГЗ З.Батсүх бол багшийн сургууль төгссөн авьяастай хүн шүү дээ. Энэ сургуулийг төгссөн олон сайхан хөгжмийн зохиолч бий. Энд хэлэхэд, Н.Жанцанноров миний дууны түүврийг судалж “Нөхөртөө нөхдөдөө” гэдэг гарчигтай шүүмж бичсэн хүн байгаа юм. Энэ гарчгаас харвал надаас гадна бас өөр хүмүүс байна гэдгийг хэлсэн санаа энд байгаа биз. Миний номд шүүмж бичсэн болохоор зарим хүн Н.Жанцанноров чамд тааруу юм уу гэж асуудаг, тийм  биш л дээ.


Тухайн үед уран бүтээлийн өрсөлдөөн байсан, уралдаан их зарлагдаж байсан байна. Мянган дууны уралдаан хүртэл зарлагдаж байлаа. Түүнд манай аваргууд, ахмадууд нэртэй яруу найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын шүлгээр дуу хийгээд оролцоно шүү дээ. Бид бас тэдний номыг их уншина. Б.Явуухулан гуайн шүлгийн түүврээс “Туулийн урсгал шөнөдөө сайхан” шүлгийг нь аваад дуу хийсэн, зоригтой л байж дээ. Энэ дууг хийж сургуульд явсан хүн шүү дээ би.

                                         

-Энэ дууныхаа шүлгийг батлуулах гэж МЗЭ-ийн хороо дээр очиж Б.Явуухулан гуайтай танилцсан тухай та өөрөө ярьсан байсан шиг санагдах юм?

-Яруу найрагчийн “Туулийн урсгал шөнөдөө сайхан” дууг хэвлэлд нооттой хэвлүүлэх болохгүй юу. Гэтэл шүлэг главлитаар батлагдаагүй учраас хэвлэхгүй гэсэн. Түүнийг хэвлүүлэхийн тулд шүлгээ батлуулах гэж МЗЭ-ийн хороо дээр очиж байгаа нь тэр. Яруу найргийн секц гэсэн мундаг хаягтай өрөөнд орсон чинь Б.Явуухулан гуай өөрөө сууж байдаг юм. Тэгж хоёулаа анх удаа уулзаж “Чи их хачин хүүхэд шүү. Би дуундаа их хайртай” гэж хэлээд дууны шүлэг дээр тамга дарж байж билээ. Бид хоёрыг тэгэхээр главлит уулзуулсан байгаа биз дээ. Мөн тэр дуугаа дахиад хөгжмийн зохиолчдын холбоо дээр ноотоо гараар зурж тамга даруулна.Тэр үед нооттой дуу хэвлэгдэнэ гэдэг тийм ч амар зүйл байгаагүй. Дуу дуулагдаад Монголын радиогоор цацагдсаны дараа хэвлүүлэхийн тулд сүүлд гарч ирж байгаа процесс байхгүй юу. Хүлцэнгүй гэх юм уу даа, яах бол гэж бодоод том хүмүүст бидний үеийнхэн ойртдоггүй байсан юм шүү дээ. Хүндлэл нь их байжээ. Харин “Дуу минь, дуу минь” дууны шүлгийг барьж тэдний гэрийн босгыг алхсан хүн байгаа юм. Тэгэхэд надад “Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй” гэдэг дууны шүлэг өгсөн, түүнд би хүн чанар гаргаж ая хийсэн, яруу найрагч аятай болсныг өөрөө ч мэдсэн. Гэвч дуулуулаагүй байгаа.


-“Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй” шүлгийг 1978 онд дэлхийг 2 хуваасан хүйтэн дайны үед энхтайвныг эрхэмлэх утгатай бичсэн байдаг. Шүлгийн хайрцгийн хувьд уламжлалыг эвдсэн өвөрмөц хэлбэртэй...

-Би тэр аяыг тэр үед хийсэн байхгүй юу.  Дэлхий дахинд одоо энд тэндгүй л дайн самуун гарч байна. Ийм учраас “Цэргийн дуу бүжгийн чуулга”-ын дуучнаар дуулуулна гэж бодож байгаа.  

                                               

-Та яруу найрагчийн “Би хаана төрөө вэ?", “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” зэрэг нэлээд цартай, сор бүтээлүүдийг дуу болгосон. Тэдгээрийг дуу болгох санаа яаж анх танд төрсөн юм бэ?

-Манайх 1987 оны зун зусланд гарчихсан байлаа. Надад тэр үед хөдөө аав, ээж дээрээ очих хэрэг гарлаа. Манай найзын хүү намайг аваад явах болохгүй юу. Яг явах болтол түүнд ажил гараад тэр өдрөө явж чадаагүй. Гэрийнхэн зусланд байгаа, би хотын гэртээ ганцаараа унтах болсон юм. Гэртээ ганцаараа байхдаа ном эргүүлж байтал энэ шүлэг гараад ирдэг юм. Эхний бадгийг хараад аялж үзлээ.


-Явуухулан гуайн шүлгийн түүврээс үзэж байгаа нь тэр үү?

 Үгүй ээ. Олон яруу найрагчдын шүлэг орсон хамтын бүтээл байсан л даа. “Би хаана төрөө вэ? шүлгээс:

                                      Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

                                      Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

                                      Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

                                      Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

                                      Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би


                                      Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

                                      Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд

                                      Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

                                      Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд

                                      Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би


                                      Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

                                      Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархдад

                                      Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд

                                      Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд

                                    Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би гэсэн 3 бадаг сонгож авлаа. Өөрөөр хэлэх юм бол дуулахад ямар байх юм бол гэж сонгож авч байгаа хэрэг. Сонгож авсныгаа оролдоод байлаа. Дуу болмоор юм шиг болохоор нь ноотоллоо. Тэр жил Морин хуур наадамд энэ бүтээлээрээ оролцлоо /Анхны Морин хуур наадам/. Дуурь бүжгийн театрын “Учиртай 3 толгой” дуурийн Юндэнд дуулдаг Гантөмөр дуулсан. Морин хуур шагналын тэргүүн байрыг Ч.Сангидорж, яруу найрагч Д.Банзрагч нар “Монгол далай” дуугаар авсан, минийхийг аман хүзүүдлээ л гэсэн. Энэ дууг одоо бүдүүн хоолойтой дуучид их сайхан дуулж байгаа. Одоо дуулагдаад байгаад нь би баярлаж явдаг юм.

 

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” дууны хувьд бас л нэг арай өөр орчинд байхад дуу болгох санаа төрсөн шүү. “Халуун элгэн нутаг” дууны хөгжмийг зохиосон нэрт хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуай 1986 онд бурхан болж нэг салбарын хүний хувьд Алтан-Өлгийд оршуулахад нь оролцлоо. Яруу найрагч Б.Явуухулан гуайг өөд болоход нь тэнд нутаглуулжээ. “Талийгаачийн шарил энд байдаг юм байна, хоёулаа очих уу” гэж тэнд хамт явж байсан Д.Лувсаншарав (Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч) багшдаа хэллээ. Багш ч тэгье гээд хамт очлоо. Хөшөөн дээр нь “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”  гэж сийлсэн байна. Тэгэхэд дуу болгож болох юм гэдэг бодол анх надад төрсөн гэх үү дээ. Тэр шүлгээс:

                               Алтан дэлхийд төрсөн минь учиртай

                               Аавын гэрийн амар тайвныг эвдээд би

                               Ачит эхээ арван сар зовоосны эцэст

                               Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би

                               Алтан дэлхийд төрсөн минь учиртай


                               Алаг дэлхийд төрсөн минь учиртай

                               Адуу манаж дассан атархан тал нутагтаа

                               Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад

                               Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би

                               Алаг дэлхийд төрсөн минь учиртай


                               Дуулим хорвоод төрсөн минь учиртай

                               Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж

                               Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

                               Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

                           Дуулим хорвоод төрсөн минь учиртай гэдэг бадгуудыг сонгож аваад оролдож байгаад дуу болгосон. Энэ дууг Ардын жүжигчин А.Дашпилжээ анх дуулсан байдаг. Ер нь дууг зохиогдсоны дараа хүн бүхэн шүүрч аваад дуулах нь байдаг л зүйл. Харин явцын дунд хүмүүс дуулаад эхэлбэл би их баярладаг хүн байгаа юм. Одоо Л.Нарангэрэл гэдэг эмэгтэй миний “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” дууг маш сайхан дуулж байгаа. Гэхдээ цаг хугацаа шалгана аа.                               

                                           З.Хангал анх их өвөрмөц өнгө аястай гарч ирсэн хөгжмийн зохиолч байгаа юм

-Та урлагт хөл тавиад 63 жил, дуу өөрөө зохиогоод 58 жил болжээ. Таны яриад байгаа зүйл одоо нэгэн зууныг хамарч байна. Таны амнаас ахмад үе гэж их гарлаа. Тэдгээрээс 1960-аад оны нийтийн дууны хөгжмийн зохиол, зохиолч нар дээр яриагаа төвлөрүүлэх үү?

-Ер нь 1960-аад оныг нийтийн дууны оргил үе гэж ярьдаг. Тэр цагт тухайн цаг үеэ дуулсан байгаа, ойлгомжтой. Уран бүтээлчдийн хувьд нас, уран бүтээл эхэлсэн цаг үеэс нь хамаараад хэнийг хаана ямар үед хамааруулах вэ гэдэг янз бүр байх байх аа. Насны хувьд ч, бүтээлийн хувьд ч бие биеэ дэрлээд гарч ирдэг. Намайг 1960-аад оны дунд үед оруулж байгаа бол З.Батсүх, Ч.Сангидорж гээд орох хүмүүс бий. Биднийг дэрлээд их өөр өвөрмөц өнгө аястай гарч ирсэн хөгжмийн зохиолч бол З.Хангал /Аяны шувуу дууны ая зохиосон/ байгаа юм. Дараа нь Н.Жанцанноров /Төрсөн нутгийн бараа, Урангоо зэрэг дууны ая зохиосон/, Ц.Нацагдорж Х.Билэгжаргал, Б.Шарав, Ц.Чинзориг гээд нэрлэж болно. Тэд дуурь дуулдаг мэргэжлийн том дуучдыг нийтийн дуу руу уруу татах, тэднийг дуурайгаад ард түмэн энэ төрлийн дууг дуулах ёстой гэдгийг урьдчилан харж цар хэмжээ өргөнтэй олон сайхан дуу хийжээ.


-Энгийн бидний ойлголтоор бол найран дээр дуулдаг нийтийн дууг заавал хөгжмийн бүрэлдэхүүнтэй, хоолойг нь засаж бэлтгэсэн мэргэжлийн дуучид дуулахаар таны нэрлэсэн хөгжмийн зохиолчид ажиллажээ гэж ойлгож болох уу?

-Тийм. Ийм төрлийн дуу олноор бий болохоор дуулах репротор элбэгшиж мэргэжлийн дуучдын чансаа дээшилсэн гэж ойлгож болно. Улс орноороо нэг хэсэг задгайрлаа. Нийтийн дууны салбар ч түүнийг тойроогүй. Харин миний сая нэрлэсэн хөгжмийн зохиолчид дуундаа сэтгэлээ шингээж маш олон мэргэжлийн дуучдын дуулах том том дуунууд бас бүтээсэн байна. Ийм төрлийн дуунд Б.Шаравын “Аав ээж” дуу орно. Б.Шарав “Чингис хаан”, Х.Билэгжаргал “Ламба гуайн нулимс”, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь хийжээ.


Сэдэв агуулгын хувьд төдийгүй, дууны цар хүрээгээ энэ үед их тэлсэн байна. Тэдний гаргаж ирсэн нийтийн дууны энэ шинэ өнгө аяс, цар хүрээ бидэнд нөлөөлж тэр хэмжээний дуу бүтээж эхэлсэн байхгүй юу. Эндээс 20 дугаар зуунд зохиогдсон нийтийн дууны өсөлт харагдана. 


-Өвөг дээдэс, өв соёл, ёс уламжлалаараа бахархсан сэдэвтэй уран бүтээл хийх боломж тэдний үед гарч иржээ. Таныг залуу, уран бүтээл хийж эхэлж байхад энэ сэдэв хаалттай. Харин сэдвийн хувьд нийтийн байх хэв шинж, нийгмийн захиалга давамгайлж байсан байх. Тийм үү?

-Нийгмийн захилгаар хийж байсан юм бий. Гэхдээ нийгэм бидэнд захиалаад бид түүнийг үг дуугүй биелүүлээд үзэл суртлын зэвсэг "буу сэлэм" болоод байсан зүйл байхгүй. Ямар ч нөхцөлд дуулагдах нас урттай бүтээл сэтгэлээсээ хийхийн төлөө л бид байсан. Нийгмийн захиалгаар хийсэн байлаа ч сэтгэл гаргаж, зүтгэж хийсэн болохоор мөнхөд дуулагдах Г.Бирваа гуайн дуунууд, Ц.Намсрайжав гуайн “Халуун элгэн нутаг” гээд олон сайхан дуу тэр үед төрсөн байна. Энэ мэт эх орон, байгаль дэлхий, аав ээж, хайр сэтгэлийн сэдэвтэй олон дуу 1960-аад онд зохиогдсон байдаг. Одоо бол хяналт /главит/ байхгүй болсон, их сайхан. Гэхдээ өөрийн хяналт ямар байгаа юм бол доо. Тухайлбал, Д.Лувсаншарав багш Монголын хөгжмийн зохиолчдын холбоог төлөөлж дуу баталж байхдаа бидэнд хэлдэг, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байсан байхгүй юу. Би багш дээр “Дуу минь, дуу минь” дуугаа батлуулах гээд ороход сайхан дуу болж гэж хэлээд баталсан. Гэхдээ надад “Та нар нэгэн жигд дөрвөн давхар байшин шиг хоорондоо адилхан дуу хийх гээд байна. Үүнээс салах хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэр чинь нэг загварт баригдах аюулаас холдуулсан зөвлөгөө байгаа биз дээ. Тэдний хэлснийг чинь бид хүлээж авахаас өөр гарц байхгүй. Тэр бүхэн чинь энэ үеийн дуу сайн байх бас нэг үндэс нь байжээ. Энэ үеийн Монгол кино дуутай болсон, тэнд сайхан дуунууд зохиогдсон байна. Энэ бол нийтийн дууг түмэнд хүргэх нэг суваг нь болж өгсөн гэж боддог.


-Нийтийн олон сайхан дуу тэр үед /1960, 1970, 1980-аад он/  төрсөн учраас одоо залуучууд сэргээж дуулаад байгаа гэж ойлгож болох уу?

-Хуучнаа орхихгүй залуучууд тэр үеийн дуунуудыг сэргээж дуулаад байгаад их баярладаг. Сайхан дуу төрөхөд хөгжмөөс гадна шүлэг, үг их үүрэгтэй. Яруу найрагчид бас сайн шүлэг бичиж тэрийг хөгжмийн зохиолчид дуу болгож байсан байна. Одоо тэр үед бичсэн шүлэг, яруу найргийг дуу болгож байгаа. Яагаад тэр үеийн шүлэг рүү эргэж ороод байна гэхэд бас урт настай шүлгийг тэр үеийн яруу найрагчид бичиж үлдээжээ.


-Таны зохиосон “Намуун үдэш”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуунууд ойролцоогоор 50 гаруй жил дуулагджээ. Дараа дараагийн дуунууд тэдний нэгэн адил дуулагдах нь тодорхой байна. Дуунууд хаа хүртэл дуулагдахыг одоо бид хэлж мэдэхгүй. Ямар ч зүйл өнгө төрхөө алдахгүй 50 жилийн нүүр үзэхэд үнэ цэн нь улам нэмэгддэг гэж үздэг. Энэ өнцгөөс харвал таны зохиосон дуунуудын үнэ цэн нэмэгдэж байгаа,  түүнд юу нөлөөлсөн гэж та үздэг вэ? 

-Хүний хийж бүтээсэн зүйлийн хамгийн том шалгуур, шүүгч нь цаг хугацаа. Дуу зохиогдсон эхний мөчид бүгд шүүрч аваад дуулдаг. Энэ бол байх зүйл. Түүнээс илүү үнэлгээ бол явцын дунд дуучид, ард түмэн дуулж байвал болж байна гэж би үздэг. Миний дууг хүн гудамжинд аялаад явж байхад их баярладаг. Тэр дууны ая уу, үг үү аль нэг нь тэр хүнд таалагдсан учраас хүн дуулах гэж оролдоод байна, тиймээ. Зохиосон дуу маань энэ хэмжэнэд дуулагдаад байгаа нь миний дууны шүлгийн сонголтод байгаа болов уу.


-Монгол үндэстний дуу хөгжим өнгөрсөн зууны нийтийн дуунд яаж нөлөөлсөн юм бэ?

-Нэрт дуучин, хөгжмийн зохиолч Магсар хурцын Дугаржавыг санан дурсан ёстой. Таван хошуу малын дуутай больё оо гэж 1930-аад онд ярьж байгаад “Баянмонгол”, “Үхэрчин хүү” дуунуудыг тэр хүн зохиожээ. Одоо хүртэл “Баянмонгол”, “Үхэрчин хүү” дуунууд нь дуулагдаж байна. Монгол үндэстний хөгжим, дууны өв сан тэр хүнээр дамжиж нийтийн дуунд уламжлагдаж, түүний араас С.Гончигсумлаа гуай болон орчин үеийн нийтийн дууны ахмад зүтгэлтнүүд залгасан байна.


-МҮОНТ-ийн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгээр МҮОНР-гийн хөгжмийн редакцад ажиллаж байсан хөгжмийн зохиолч УГЗ С.Цоодол гуайн хөгжмийг нь зохиосон дуунуудын талаар анх хэн хэзээ дуулсан, одоо хэн сэргээн дуулж байгаа талаар явсан. Тэр дуунуудын хөгжим нь 1960-аад онд зохиогдож байсан дууны хөгжмөөс өөр сонсогдох шиг болсон. Энэ үнэн үү?

-С.Цоодол гуайн дуунуудыг одоо голцуу уртын дуучид дуулж байна. “Хүү минь хаана дуулж яваа бол” гэдэг сайхан дуутай, уртын дуучин хүн байгаа юм. Энэ бол мөнхийн сэдэв, дуучин хүн өөрөө ая хийсэн болохоор дуулахад амьсгааны хуваарилалт ямар байх вэ гэдгийг илүү мэдэрсэн байх аа. Ц.Сүхбаатар гуай, С.Дарамзагд багш нартай нэг үеийн уран бүтээлч байгаа юм. Багш “Миний эх орны өглөө” гээд олон сайхан дуутай. Тэд нарын хөгжим хоорондоо өөр өөр сонсогдож байгаа бол их сайхан шүү дээ.


-Та сүүлийн үеийн яруу найрагчдын шүлгээр дуу хийж үзэв үү?

-Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржтой нийлж дуу хийсэн байна. Ц.Бавуудоржийн шүлэг өөрийн онцлогтой. Ийм онцлогтой шүлгэнд ая хийнэ гэдэг бол тэр шүлгийг ойлгохын тулд би өөрөө хөгжинө. Мөн МҮОНТ-д ажилладаг Мөнхтуяагийн Баяржаргал гэдэг залуугийн шүлгээр дуу хийлээ. Залуучуудын хэллэг өөр байна билээ. Дууны шүлгийг Ж.Бадраа гуай шиг хиймээр байгаа юм. Яагаад гэхээр Ж.Бадраа гуай өөрөө хөгжим тоглодог, ноот мэддэг  онцлогтой. Миний “Уулс халхалсан наран” гэдэг аялгуунд үг хийсэн, шууд таарч байгаа нь гайхалтай.


.Бадраа гуайтай өөр олон дуу хийв үү?

-“Эх оронд андгайтай эмч бид  тус болохоор

Энэ биений алжаалыг эс санадаг даа” гэсэн үгтэй “Эмчийн дуугэдэг дуу хийсэн байна. Б.Хангал гэдэг залуу одоо дуулаад байгаа. Бид хоёр энэ дуугаар уралдаанд орж байжээ.


-Ж.Бадраа гуай хол явсан, ном сурсан, түүнээсээ болсон уу яасан бас ороогдож явсан хүн байна билээ. Хөгжмийн зохиолчдын холбоонд ямар учраас ажиллаад байсан юм бэ?

-Хэлний их соёлтой, том хүнийг тэнд ажиллуулж байсан нь С.Гончигсумлаа, Г.Бирваа гуай нарын бодлого байсан байх. Д.Лувсаншарав багш Ж.Бадраа гуай нар киноны болоод өөр сайхан сайхан дуу олныг хийжээ. Ж.Бадраа гуайг зарим хүн хажиглаж байсныг мэднэ. Гэхдээ тэр хүн чинь өөрийгөө хамгаалж чадах эрдэмт хүн. Ж.Бадраа гуайн бичсэн дууны шүлэг дандаа шинэ, өөрийгөө болоод бусдыг давтаагүйТийм сайхан хүмүүстэй хамт байж дээ.

Related news