"Osiris-Rex" сансрын хөлгөөр авчирсан астероидын анхны дээжийг дэлгэн үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-10-12 12:30:02

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 12 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСАөнгөрсөн сард Osiris-Rex” сансрын хөлгөөр авчирсан астероидын анхны дээжийг лхагва гарагт дэлгэн үзүүлэв.


Хьюстон хот дахь Жонсоны нэрэмжит Сансар судлалын төвд болсон тус арга хэмжээнд эрдэмтэн судлаачид, сансрын агентлагийн удирдлагууд оролцжээ.


Эртний хар тоос тоосонцроос бүрдсэн дээж нь Дэлхийгээс ойролцоогоор 96 сая гаруй км-ийн зайд орших Бенну хэмээх нүүрстөрөгчөөр баялаг астероидынх юм. НАСА-гийн “Osiris-Rex сансрын хөлөг уг дээжийг гурван жилийн өмнө цуглуулж, өнгөрсөн сард Дэлхий рүү капсулаар буулгасан билээ.


Эрдэмтэд хамгийн багаар тооцоолоход аяга дүүрэхүйц хэмжээтэй чулуулаг хүлээж авна хэмээн таамаглаж байсан нь Японы сансрын аппаратын жилийн өмнө авчирснаас хавьгүй их юм. Одоогоор гол дээжийг агуулсан савыг хараахан нээгээгүй байгаа тул судлаачид дээжийн хэмжээг нарийн мэдэхгүй хэвээр байна гэж холбогдох албаныхан мэдээлжээ.


Энэхүү хөтөлбөрийн ахлах эрдэмтэн, Аризонагийн их сургуулийн профессор Данте Лауреттагийн хэлснээр, дээжийг судлах ажлыг удаан, нямбай явуулж байгаа бөгөөд хар тоос тоосонцрууд нь дээжийг агуулж буй савны гадна талын ирмэг дээр тарж тогтсон байжээ.


“Астероидын дээжид нүүрстөрөгч, ус агуулагдаж байгааг урьдчилсан шинжилгээ харуулсан” гэж НАСА-гийн тэргүүн Билл Нелсон мэдээлсэн байна. 

Related news