ӨМНӨГОВЬ: Төгсөж байгаа сурагчдын 85 хувь нь дээд боловсрол эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-29 16:49:34

Даланзадгад, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөгийг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

 

Өдөрлөгт Даланзадгад сумын ЕБС-ийн таван сургууль, коллежийн 800 гаруй сурагч хамрагдсан байна. 


Оюу толгой компани болон Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус боловсролын өдөрлөг нь ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн онцлог давуу талуудыг  танин мэдүүлэх, сурталчлах зорилготой.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд жил бүр 560 гаруй сурагч 12 дугаар анги төгсдөг бөгөөд 85 хувь нь их, дээд сургуульд элсэн орж дээд боловсрол эзэмшдэг талаар аймгийн БСГ-аас мэдээллээ.

 

“Нутгийн хишиг” хөтөлбөрөөр орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр гадаад, дотоодын их сургуульд тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, дотоодын их, дээд сургууль, аж ахуйн нэгжтэй хамтарсан тэтгэлгийн сан байгуулах, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнийг чанартай бэлтгэх, сургалтын орчин бүрдүүлэх бодлогыг үе шаттай эрчимжүүлэн ажиллаж байна.

 


Энэхүү ажлын хүрээнд уул уурхай, инженер мэдээллийн технологийн их сургууль байгуулах, Политехник коллежийн сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг шинэчлэх зорилтуудыг хэрэгжүүлж, 2023 онд Коосэн технологийн коллежийн хөтөлбөрийг амжилттай эхлүүлснээр цахилгааны инженерчлэл, механик инженерчлэл, барилгын инженерчлэл мэргэжлүүдээр анхны элсэлтээ авч хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж  байна. 

Related news