Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс нь уламжлалт найрсаг харилцаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-15 06:59:21

Хавана /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцох гэж байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улс Бүгд Найрамдах Куба Улсын хооронд тогтоосон харилцааны талаарх лавлахыг толилуулж байна.


Нэг. Улс төрийн харилцаа

Хоёр улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс Хавана хотноо 1962 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээсэн байна. Энэ оны наймдугаар сарын 21-нд Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал БНКУ-ын Гадаад хэргийн дэд сайд Элио Родригест Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулсан бол 2021 оны 12 дугаар сарын 10-нд БНКУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альберто Хорхе Родригес Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Кубын Үндэсний Ассамблей дахь Куба-Монголын парламентын бүлгийн даргаар гишүүн Делса Эстер Пуэбла тус тус ажиллаж байна. Харилцааны түвшний хувьд уламжлалт найрсаг харилцаатай. 

                                                                                 

Харилцан хийсэн гол айлчлалууд:

Монголын талаас: 

  • 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид,
  • 1984 онд Ж.Батмөнх тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид,
  • 1995 онд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн,
  • 2001 онд УИХ-ын дарга Б.Энэбиш,
  • 2007 онд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид,
  • 2006 онд Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон,
  • 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,
  • 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 

Кубын талаас: 

  • 1970 онд Кубын нам, засгийн удирдагчдын нэг Раул Кастро,
  • 2000 онд Кубын Төрийн Зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Ф.Кастрогийн бие төлөөлөгч А.Веласко, 
  • 2001 онд Гадаад харилцааны дэд сайд Г.Минчеро.


Худалдаа, эдийн засгийн харилцаа:

Худалдааны харилцааны хувьд Монгол Улс Кубаас 2019 онд 120 мянган ам.долларын, 2020 онд 30.8 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авснаас дийлэнх хувийг сигар тамхи эзэлсэн. Дээрх хугацаанд Монголоос Кубад бараа бүтээгдэхүүн экспортлоогүй. Хөрөнгө оруулалтын тухайд 1990 оноос хойш Кубын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 2-нд зохиогдсон Хаванагийн олон улсын үзэсгэлэн яармагт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид, 2017 онд Экстра Энержи групп, UFC групп, Герман Стандарт, Номадик Минералз компанийн төлөөлөл оролцсон байна. АПУ, Монос, Монгол Эм Импекс Концерн, Монфарм, Юнимед зэрэг байгууллага Кубын талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.


2021 онд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим болон Кубын Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 2021 оны тавдугаар сард Монгол, Кубын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын бизнесийн анхдугаар цахим уулзалтыг биотехнологи, эм бэлдмэлийн чиглэлээр тусгайлан зохион байгуулжээ. Зээл, тусламж болгож 2005 онд Кубаас манай улсад сүүний Заанэн үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн 300 тун үр, 2007 онд 5000 тун үрийг хандиваар өгчээ. 2008 онд Кубын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хоёр удаагийн далайн хүчтэй хар шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 20 мянган ам.долларын тусламж үзүүлсэн байна. Манай хоёр улсын Засгийн газар хооронд 1990 оноос өмнө хийж байсан бараа солилцооноос үүссэн худалдааны алдагдал болох 798,074.03 шилжих рублийн тооцоо /Куба улс манай улсад төлөх/-г эргэн төлөх үүргээс чөлөөлөх шийдвэр гаргаж, Өр хүчингүй болгох тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2013 оны 3 дугаар сард Хавана хотноо гарын үсэг зурсан аж. 


Хүмүүнлэгийн болон бусад харилцаа:

Монгол иргэд Куба улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Куба Улсын энгийн паспорттай иргэд виз мэдүүлнэ, дипломат болон албан паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино. Энэ оны байдлаар Куба Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй нийт 15 монгол иргэн байна. Кубад очих, ирэх замын зардал өссөн болон амьжиргааны нөхцөл хүндэрсэн зэрэг шалтгаанаар манай улс 1991 онд оюутнуудаа татан авч эх орондоо суралцуулсан юм. 1994 оноос Кубын Засгийн газар монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг дахин олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 140 орчим оюутан тэтгэлэгт хамрагдаад байна. “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНКУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан. 2021-2022 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институт хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль болон Хаванагийн Их сургууль хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг, Санхүү, эдийн засгийн Их сургууль болон Хаванагийн Их сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээ, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Хаванагийн Их сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль болон Хаванагийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээ зэргийг байгуулсан. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын 2023 оны 1 дүгээр сард Кубад хийсэн айлчлалын үеэр тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, анагаах ухаан, биотехнологи, соёл, спортын чиглэлээр куба багш нарыг Монголд урьж ажиллуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцоод байна. 


Эрүүл мэндийн харилцаа:

МонФарм болон зарим эмийн компани Кубын Интерферон /элэгний В, С вирусний эсрэг/, Видатокс /хорт хавдрын эсрэг/, Монгол Эм Импекс Концерн Хеберпрот-П /хөлний шархны/ зэрэг эмийг тус тус албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байна. Чихрийн шижин өвчний хөлний шархлааг эмчлэх Хеберпрот-П эмийг 2018 оны 10 дугаар сараас Монголд нэвтрүүлж, Сонгдо болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээнд нэвтрүүлээд буй. 2017 оны гуравдугаар сард Кубын Генийн инженерчлэл ба биотехнологийн төвийн Захирал Эүлохио Пиментел тэргүүтэй мэргэжилтнүүд Монголд ажиллаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй Эрмэлзэх захидал байгуулав. Монгол Эм Импекс Концернийн Захирал Б.Болормаа 2017 оны 7 дугаар сард Хавана хотод ажиллаж, Генийн инженерчлэл ба биотехнологийн төвтэй харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан. 2021 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байна. МҮХАҮТ, Кубын Худалдааны танхим хамтран эрүүл мэнд, биотехнологийн салбарын анхдугаар бизнес уулзалтыг 2021 оны тавдугаар сарын 13-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хоёр талын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон.  

                                                                                     

Соёлын харилцаа:

2016 онд МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг, 2018 онд МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг, МУГЖ О.Анужин нар тус тус Хаванагийн Олон улсын балетын фестивальд оролцжээ. Монголын балетын хөгжил сангаас 2016 оны 12 дугаар сард Кубын бүжигчин Женет Мончаг урьж, Улаанбаатарт “Цөмөөхэй балет” урлагийн наадамд оролцуулсан. 2017 онд Хавана хотод анх удаа Монголын удирдаач Б.Лхагвасүрэн Кубын Үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиолуудыг Кубын үзэгчдэд толилуулсан аж. Концерт Кубын Үндэсний театрт болж, 600 гаруй хүн үзэж сонирхжээ. 


Спортын харилцаа:

2009 онд Монголын Биеийн тамир, спортын газар, Кубын Биеийн тамир, спортын институтийн хооронд хамтран ажиллах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурав. 2013 онд Монголын Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид БНКУ-д ажлын айлчлал хийж, бокс, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетикийн төрлүүдэд хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтээ кубын талд илэрхийлсэн. Монголын боксын шигшээ баг тамирчид “Рио 2016” Олимпийн наадмын өмнө Кубад хамтарсан бэлтгэл хийсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид Кубын нийслэл Хавана хотноо зохиогдсон “Спорт ба хүний хөгжил”  сэдэвт AFIDE 2017 Олон улсын VII хуралд оролцож, кубын талтай спортын салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Хөтөлбөр баталсан. Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний институтийн Ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекали тэргүүтэй төлөөлөгчдийн хариу айлчлалыг 2018 оны дөрөвдүгээр сард зохион байгуулжээ. 




Related news