ДОРНОД: Таеквондочид Датуны тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-25 13:19:37

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн “Хан оргил Соёлз” клубын таеквондочид БНХАУ-ын Датун хотноо болсон олимпын таеквондогийн тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ. Тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Датун хотын Спортын цогцолборт болсон байна.


Энэхүү “БНХАУ-ын Таеквондогийн супер лиг”-т Монгол Улсаас 50 тамирчин, Хятадын мянга гаруй тамирчин 12 төрөлд өрсөлджээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Дорнод аймгийн олимпын таеквондогийн дөрвөн багийн тамирчид тус тэмцээнд оролцсон байна.


Дорнод аймагт гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Хан оргил Соёлз” клубын тамирчид дээрх тэмцээнээс 18 алт, 24 мөнгө, 68 хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.  


Ташрамд сонирхуулахад, Дорнод аймгийн хүүхэд багачууд сүүлийн гурван жилийн хугацаанд олимпын теаквондогийн спортоор идэвхтэй хичээллэж байна. "Хан оргил Соёлз" таеквондо хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч, спортын мастер Н.Наранцогтын хувьд Дорнод аймагт энэхүү спорт амжилттай хөгжих эхлэлийг тавьсан анхдагчдын нэг.   

Related news