Намууд зөвшилцөн сонгуулийн хороодоо нэгтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-13 17:21:26

Сүхбаатар аймагт хоёр нам удирдах түвшиндээ уулзаж, зөвшилцөн хоёр сонгуулийн хороог нэгтгэж албан ёсны сонгуулийн хороог байгуулжээ.

Сүхбаатар аймагт 2 ИТХ-ын дарга ажиллаж байгаатай холбоотойгоор мөн 2 сонгуулийн хороо байгуулагдаж, иргэд болоод нэр дэвшигчид аль хороонд нь хандахаа мэдэхгүй ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байсан. МАН болон АН-ын төлөөлөгчид намууд хоорондоо зөвшилцөлд хүрч, сонгуулийн хороогоо нэгтгэн сонгуулийн бэлтгэл ажлыг нь хийлгэх хэрэгтэй гэж үзсэнээс зөвшилцөлд хүрчээ.

2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг удирдан зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо дахин байгуулагдсанаар хорооны дотоод бүтэц зохион байгуулалтанд тодорхой хэмжээний өөрчлөлт оржээ. Сонгуулийн хорооны даргаар Ж. Түвшинжаргал , нарийн бичгийн даргаар Б. Буянтогтох томилогдсон байна.

Аймгийн сонгуулийн хорооноос таван ажлын хэсэг гарч, сумдын сонгуулийн хороог байгуулах, ажлын үүрэг чиглэл өгөх зэргээр бүх сумдад хүрч ажиллаж байгаа юм байна.

Т. Одончимэг

Related news