Хүүхдийг амьдрах ухаанд сурах дадал олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-12 14:38:26

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний “Олимп” цэцэрлэг хүүхэд бүрийн оролцоотойгоор “ Алтан намар “ сэдэвт арга хэмжээг зохион явуулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүд байгаль дэлхийтэйгээ танилцаж, ургамал, жимс ногоо хэрхэн ургадаг, түүнийг хэрхэн арчилж тордон ургуулдаг, яаж хурааж авдаг зэрэг бодит орчинтой нь танилцуулдгаараа давуу юм. Хүүхдүүд газар дээр нь очин шинэ ургац, жимс ногоо хэрхэн ургаж бий болдог, ямар өнгө хэлбэртэй байдгийг харснаар олон зүйлийг мэдэж авдаг байна.

Энэ хичээлийн онцлог давуу чанар нь хүүхдүүд бодит амьдралаас илүү өргөн мэдлэг олж авахын зэрэгцээ шинэ зүйлийг танин мэдэж, өөрөө мэдэрч чаддагт оршиж байгаа гэнэ. Тус цэцэрлэгийн арга зүйч П.Нарантунгалаг “хүүхэд хүссэн үедээ, хүссэн орчиндоо чөлөөтэй тоглож наадах ёстой. Мөн орчноо зөв мэдэрч ойлгох үүднээс бодит орчинд сургалтаа явуулахыг манай хамт олон илүүд үзэж байгаа” хэмээв.

Эднийх энэ арга хэмжээгээ хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ удаа хүүхдүүд чацаргана жимс хэрхэн хаана ургадаг, ямар өнгөтэй, ямар амттайг мэдэж авлаа. Мөн төмс хурааж үзсэн байна. Энэ нь хүүхдийг багаас нь амьдрах ухаанд сургах бас нэгэн дадал болж байгаа аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news