Орон сууцны нэг давхарт баригдсан өргөтгөл барилгуудад шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-12 00:11:09

Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, Цагдаагийн газар, ОБГ, Мэргэжлийн Хяналтын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт баригдсан өргөтгөл барилгуудад шалгалт хийхээр болжээ.

Тэд өргөтгөлийн барилгуудад нийтийн зориулалттай орон сууцны байруудын үндсэн хэв хийцэд өөрчлөлт оруулсан эсэх талаарх хяналт шалгалтыг хийх юм. Тус аймагт нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт бүртгэлтэй 280 өргөтгөлийн барилга байдаг. Монгол улсын орон сууцны тухай хуулийн 15.1-д “Нийтийн эзэмшлийн орон сууцны байшингийн анхны хийцийг өөрчлөх, нэмэлт ачаалал өгч өргөтгөл хийхийг хориглоно” гэсэн заасан.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн орон сууц байрны нэгдүгээр давхарт өргөтгөл хийхийг хориглосон тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж 2008 онд гарч хэрэгжиж байгаа. Гэвч нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдийн дураар, зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсээр байгаа юм.

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Related news