Япон: Оросын цөмийн зэвсгийг Беларусьт байрлуулах нь байдлыг улам хурцатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-26 13:23:33

ТОКИО. /Yomiuri/. Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг Беларусь улсад шилжүүлэн байрлуулах нь Украиныг тойрсон хурцадмал байдлыг улам даамжруулна гэж Японы Засгийн газар үзэж байгааг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү мэдэгджээ. 


"Оросын тактикийн цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах шийдвэрийг бид буруушааж байна. Энэ нь Украин руу хийсэн Оросын довтолгоо үргэлжилж байгаа энэ үед хурцадмал байдлыг улам даамжруулна” гэж тэрбээр мэдэгджээ. М.Хироказүгийн цохон тэмдэглэснээр, Япон улс нь "атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувиар цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл үүсэхийг огт хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна”.


ОХУ, Беларусийн Батлан хамгаалахын сайд нар пүрэв гарагт Минск хотноо Оросын цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт тусгай агуулахад хадгалах журмыг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурсан байна. ОХУ-аас Беларусийн нутаг дэвсгэрт стратегийн бус цөмийн зэвсгийг шилжүүлэн байрлуулах ажил хэдийнэ эхэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мөн мэдэгджээ.


ОХУ Беларусийн талын хүсэлтээр тактикийн цөмийн зэвсгээ тус улсын нутаг дэвсгэрт байрлуулна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм. 


Related news