Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг эсэргүүцэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 5 /DW/. Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгаагаас шалтгаалан АНУ, Европын Холбооноос /ЕХ/ үзүүлж буй шахалтыг шударга бус хэмээн үзэж байгаагаа Энэтхэгийн тал даваа гарагт мэдэгджээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал хэлэхдээ, Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно гэв. “Энэтхэгийг онилж байгаа нь үндэслэлгүй үйлдэл юм” гэж Р.Жайсвал хэлээд, тус улс хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн эрчим хүчний хангамжаа баталгаажуулах бүрэн эрхтэйг нотолсон байна.
“Аливаа томоохон эдийн засгийн нэгэн адил Энэтхэг үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Украины дайн эхэлсний дараа Барууны орнууд эрчим хүчний хангамжаа Европ руу шилжүүлсний дараа л Энэтхэгийн импорт эхэлсэн гэж Р.Жайсвал тайлбарласан байна. Тэрбээр мөн ЕХ болон АНУ-ыг хоёр нүүр гаргадаг гэж буруутгажээ.
“Энэтхэгийг шүүмжилж буй улс орнууд өөрсдөө Оростой худалдаа хийж байгаа нь ил болж байна” гэж Р.Жайсвал хэллээ. Мөн Европ-Оросын хооронд бордоо, химийн бодис, төмөр, ган, машин механизм, тээврийн хэрэгслийн худалдааг хийж байгааг онцолжээ. Түүнчлэн АНУ цөмийн үйлдвэрлэлдээ зориулж Оросын ураны гексафторид, цахилгаан машинд зориулсан палладий болон бусад аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг импортолсоор байгааг дурдсан байна.
Д.Трамп
Энэтхэг болон тарифын талаар юу гэж
хэлсэн бэ?
Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг дэмждэггүй, Оросын хөнгөлөлттэй үнэ бүхий нефтээс ашиг хонжоо олдог гэж Д.Трамп Шинэ Делиг буруутгаж, Энэтхэгийн бараанд ногдуулах гаалийн татварыг эрс нэмэгдүүлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Д.Трамп татварын тодорхой хувь хэмжээний талаар дурдаагүй боловч Энэтхэгийн бараанд ногдуулж буй 10 хувийн татвар пүрэв гаргаас эхлэн 25 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байна.
Тэрбээр хэлэхдээ, Оросын нефтийг Энэтхэгийн тал их хэмжээгээр худалдаж авч, ашгийн
төлөө эргүүлэн зарж байгаа нь Украины
эсрэг өдөөсөн Оросын дайныг өөгшүүлж
байна гээд, үүний хариуд ийм алхмыг
авч байна гэжээ. “Оросын дайны машинд өртөн Украинд хичнээн хүний
амь үрэгдэж байгаа нь тэдэнд хамаагүй бололтой” гэж Д.Трамп “Truth Social” хаягтаа бичсэн байна.
Энэхүү алхам нь хоёр орны худалдааны харилцааг улам хүндрүүлж байна. АНУ бол Энэтхэгийн хувьд хамгийн том худалдааны түнш бөгөөд 2024 онд Энэтхэгээс АНУ-д нийт 87.4 тэрбум ам.долларын бараа нийлүүлжээ.