“Эргэж ирэхгүй намар” Европ, Ази тивийн үзэгчдийн хүртээл болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-24 14:09:49

ВАШИНГТОН. /Variety/. Өнгөрсөн жил Оскарын шагналд өрсөлдөхөөр шалгарсан “Эргэж ирэхгүй намар” Монголын бүрэн хэмжээний уран сайхны киног Asian Shadows” кино борлуулалтын агентаар дамжуулан Европ, Ази тивд түгээх гэрээ байгуулжээ.


Дунд эргэм насны нэгэн эр их хотоос төрсөн нутагтаа гэнэт дуудагдаж ирснийхээ дараа хадлан хадах ажилтай болж, хөдөө гэртээ хэсэг хугацаанд үлдэхээр болно. Тэрээр хадлан хадаж байх үедээ эмээ өвөөтэйгээ амьдардаг 10 настай Түнтүүлэй хүүтэй танилцаж дотно нөхөрлөнө. Эцэст нь тэд хоёулаа өөр өөрсдийн итгэл үнэмшлийг эргэн цэгнэхэд хүргэж буйг уг кинонд өгүүлнэ. 


Зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэгээс сэдэвлэж, жүжигчин Б.Амарсайханы найруулсан энэхүү кино өнгөрсөн жил Ванкуверын олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бол дараа нь Миланы FESCAAL наадмаас мөн л үзэгчдийн шагналын эзэн болжээ. Түүнчлэн Миланы “Miworld Young кино наадмын хоёр шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна, Түнтүүлэй хүүгийн дүрд тоглосон Г.Тэнүүн-Эрдэнэ "Fribourg IFF" наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртжээ.


Энэхүү киног Officine UBU компани Итали улс болон итали хэлээр ярьдаг нутаг дэвсгэрт гаргах бол Тайваньд үзүүлэх зөвшөөрлийг "Joint Entertainment" компани авсан байна.

Related news