“Хориг уулын эрдэнэс” номд 170 гаруй олдвор, үзмэрийг багтаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-22 16:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Хориг уулын эрдэнэс” номыг эрхлэн гаргалаа. Тус номын нээлт Монголын Үндэсний музейд өнөөдөр болов.

 

Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Баярсайхан хэлэхдээ, Монголын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц түүх, соёлын дурсгалтай Хөвсгөл аймгийн нутаг Дархадын хотгорт байсан Монголын эзэнт гүрний үеийн нэгэн “Их хориг” буюу язгууртнуудын оршуулгын газрыг тонуулчид сүйтгэн бусниулсан байсанЭнэхүү явдлыг судлаачид нутгийн иргэдээс 2017 оны зун олж мэдсэний дагуу 2018-2020 он хүртэл тухайн дурсгалт газар үлдэж хоцорсон олдворуудыг авран хамгаалах судалгаа хийсэн. Миний ахалсан “Умард Монгол” судалгааны баг Хориг ууланд байгаа тоногдсон 68 булшийг авран хамгаалах, үлдсэн дурсгалыг нь түүж авах, музейд шилжүүлэх зэрэг ажлыг гурван жилийн хугацаанд хийлээ. Ингэснээр урьдчилсан үр дүн буюу 170 гаруй ховор олдвор, үзмэр дурсгалаар нь ном бүтээлээ. Тухайн дурсгалт газрын түүх, археологи, лабораторийн урьдчилсан үр дүнгүүд ийнхүү хэвлэгдэн гарч байна. Энэ бол Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж буй үйл явдал болж байна” гэв.

Уг судалгааны үр дүнд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох олон зуун олдвор хэрэглэгдэхүүн цуглуулсны дотор Хүннүгийн үеэс улбаатай монголчуудын язгуур шүтлэгийн илэрхийлэл нар, сарны дүрст алт, мөнгөн эдлэлүүд, түүгээр ч үл барам мөнх цэвдэгт олон зуун жил хадгалагдсан ваартай өрөм, шар тоснууд илэрсэн нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд шинэ нээлт болжээ.

Номын нээлтэд номын зохиогчдын баг, эрдэмтэн судлаачид БШУЯ-ны төлөөлөл болон Соёлын яам, Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон албаны бусад хүн оролцсон юм.




Related news