"Цайны соёлын ертөнц"-өөр долоо хоног аялъя

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-18 13:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цайны соёлын ертөнц" Хятадын соёлын аялал жуулчлалын долоо хоногийн нээлт Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвд өнөөдөр болов.


Эрүүл мэндийн гурван их ундааны нэг гэгддэг цайг Хятад орон дэлхийд хамгийн эрт нээж, хэрэглэсэн улс юм. "Түмэн газрын цайны зам" нь Хятадын Фужянь мужийн Зүн-Аниас /одоогийн Ү-Ишань хот/ эхэлж, Жянши, Хунань, Хэнань, Хубэй, Шаньши, Өвөр монголоор дамжин одоогийн Эрээн хотоор Монгол Улсын нутагт нэвтэрч, Алтайн цэргийн хуарангийн дагуу говиор дайран, Хүрээ /одоогийн Улаанбаатар хот/-гээр дамжин Хиагт хүрнэ. ОХУ-д Эрхүү, Новосибирск, Тюмень, Москва, Санкт-Петербург зэрэг 10 гаруй хотоор дамжин дахин Төв Ази болон Европын бусад улс оронд хүрч, нийт 13 мянган км газрыг туулдаг байна.


Цайгаар дамжуулан үндэсний худалдаа хөгжжээ. 300 жилийн хугацаанд "Түмэн газрын цайны зам” нь Евразийн эх газрын эдийн засаг, худалдаа болон соёлын солилцооны гол зам болсон бөгөөд дорно өрнийн бараа бүтээгдэхүүн солилцох, хамтаар хөгжилд хүрэх жишиг болсон байна.


2019 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар жил бүрийн тавдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын цайны өдөр” болгон тэмдэглэх болсон. 2022 оны 11 дүгээр сард “Хятадын уламжлалт цайны урлаг болон цайны ёс заншил” нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.


Хятадын соёлын аялал жуулчлалын долоо хоногийг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын атташе бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Чжи хэлэхдээ, "Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон, найрсаг хөршүүд. Эрт дээр үеэс цай нь хоёр орны найрсаг харилцааны чухал холбоос байсаар ирсэн. Эртний “Түмэн газрын цайны зам” нь хоёр орны хооронд худалдааны замыг нээж өгсөн. Хятадын соёлын аялал жуулчлалын сурталчлах цуврал үйл ажиллагаагаар дамжуулан хоёр орны ард түмэн бие биенээ илүү ойлгож, нөхөрлөлийн харилцаагаа улам бэхжүүлж, хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Энэ үеэр “Цайны ертөнц” үзэсгэлэнд хөх тоосгон хэвт цай, тоосгон хэвт цай, хуучин цай, эртний модны цай, хар цай, бортогон савлагаат цай болон цайны шавар, зэс гүц, цайны орос данх, модон гүц, данх, түмпэн, ус буцалгах данх зэрэг цайны хэрэгслийг дэлгэсэн байлаа.


Энэхүү үзэсгэлэн болон Хятадын соёл аялал жуулчлал болон цайны соёлын цуврал бичлэгийг Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд очиж үзэх боломжтой. Мөн энэ сарын 30-наас 6 дугаар сарын 2-ныг хүртэл Хятадын Шаньши болон Шинши мужийн Яа жи соёлын үзэсгэлэнгээр Шаньши соёл, аялал жуулчлалыг сурталчлах юм.


Шаньши мужийн Шиан хот олон мянган жилийн түүхтэй Хятадын эртний нийслэл бөгөөд торгоны замын эхлэлийн цэг юм. Харин зургаадугаар сард “Цайны зам” цуврал үйл ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотноо үргэлжлэх аж. 














Related news