НҮБ Украины үр тарианы гэрээний талаарх хэлэлцээг үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-16 14:52:46

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах асуудлаарх хэлэлцээг ойрын өдрүүдэд үргэлжлүүлнэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс даваа гарагт мэдэгджээ.


Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусна.


Турк, Орос, Украин, НҮБ-ын төлөөлөгчид үр тарианы гэрээг сунгах талаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Истанбул хотноо өндөр түвшний хоёр өдрийн уулзалт хийсэн ч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.


“Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Сүүлийн долоо хоногуудад бид гэрээг сунгах, түүнчлэн үр өгөөжтэй, урьдчилан таамаглахуйц байдлаар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай сайжруулалтын талаар холбогдох талуудтай эрчимтэй хэлэлцээ өрнүүлсэн. Энэ хэлэлцээ ойрын өдрүүдэд үргэлжилнэ” гэж М.Гриффитс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.


Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн долоодугаар сард Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. ОХУ энэхүү гэрээг дахин сунгахын тулд бордооныхоо экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгахыг эрмэлзэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр Оросын хүнс, бордооны экспортод хориг тавиагүй ч банк санхүүгийн хязгаарлалт экспортод нь нөлөөлж байгаа аж. 


НҮБ-ын мэдээллээр, өнгөрсөн наймдугаар сараас хойш Украинаас 30 сая гаруй тонн үр тариа, хүнсний бүтээгдэхүүн экспортолсон байна. 

Related news