Исланд “Eurovision” тэмцээнийг бойкотолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-11 14:08:00

КОПЕНХАГЕН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. Бүгд Найрамдах Исланд Улс 2026 оны “Eurovision” дууны тэмцээнд оролцохгүй гэж тус улсын RUV телевиз лхагва гарагт мэдээлжээ. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ тус тэмцээнд Израилыг оролцохыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсний дараа ийм шийдвэр гаргасан байна. 


Израилын оролцогчийг ирэх оны тавдугаар сард Австрийн нийслэл Вена хотод болох дараагийн “Eurovision” тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн шийдвэртэй холбогдуулан Испани, Нидерланд, Ирланд, Словени улсууд өмнө нь ижил шийдвэр гаргасан юм. Тэдгээр улс Газын зурвас дахь Израилын ажиллагаатай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.  


“Улс оронд өрнөж буй олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг болон өнгөрсөн долоо хоногт Европын өргөн нэвтрүүлгийн холбооны шийдвэрт үзүүлсэн хариу үйлдлээс үзэхэд RUV-ийн оролцоо нь баяр баясгалан хийгээд амар амгалангийн алийг нь ч авчрахгүй нь тодорхой байна” гэж тус телевизийн ерөнхий захирал Стефан Эйрикссон мэдэгдсэн байна.


Исланд бол Израилыг тэмцээнд оролцуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахыг хүссэн орнуудын нэг байв. Гэвч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Израилын оролцооны талаар санал хураалт явуулахгүй байхаар шийдвэрлэж, оронд нь засгийн газруудыг тэмцээнд нөлөөлөхийг болиулах зорилготой шинэ дүрмийг баталсан байна.


Исландын дуучид уг дууны тэмцээний түүхэнд нэг ч удаа түрүүлж байгаагүй боловч 1999, 2009 онуудад хоёрдугаар байр эзэлж байжээ. “Eurovision” дууны тэмцээнийг 1956 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 160 сая орчим үзэгч үздэг гэж EBU мэдээлсэн байна.



Related news