Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-15 08:50:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов гарлаа.


Товд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг багтсан байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тус төслийн талаар иргэд сонгогчдын саналыг авч, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох үүрэг чиглэл өгсөн юм. 


Тус төсөлд УИХ нэг танхимтай байх ба гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгохоор, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаад буй. Тодруулбал, 1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон бөгөөд ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан аж.


Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, ингэхдээ УИХ-ын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Үндсэн хуулийн 21 зүйлийн 1 дэх хэсэгт оруулахаар тусгасан юм.

Related news