Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-07 21:03:17

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадын эрх зүйг дордууллаа гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Хууль хүчингүй болсноор тэтгэврийн 300 мянган ахмадын эрхийг хасч байгаа юм биш. Ер нь хамтын тэтгэвэр авбал зохих хань ижлээ алдсан 77 мянган ахмад байгаа ч  тэд бүгд энэ тэтгэврийг авахгүй юм билээ. Хэрэгжилт дээр цаг хугацааны хязгаар тавьснаар 77 мянган ахмадын ердөө 10 хувь нь тэтгэвэр авах юм билээ"  гэсэн нэмэлт тайлбар хийв. 

Мөн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү татвар нэмэх асуудлаа буцаан татсан нь орон нутгийн сонгуультай холбоотой шийдвэр юм биз гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "МАН сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй хэмээн амалсан. Гэтэл сая татвар нэмэх асуудлыг оруулж ирж байгааг юуг тайлбарлах вэ. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосноор олон арван ахмадуудын эрх ашгийг хөсөрдүүлж байна" гэсэн юм. Энэхүү асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Татварын асуудлыг сонгуультай холбон тайлбарлах хэрэггүй. Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулагдаж байхад өмнөх Засгийн газар улсын төсөв дээр тусгаагүй хөтөлбөрүүдэд хэрэгжүүлсэн. Ирэх онд татвар нэмэхгүй болсон. Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд хэлэхэд, нийгмийн даатгалын сан чинь мөнгөгүй. Одоо тэтгэврээ өгч чадах уу үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Эхлээд бид нийгмийн даатгалын сангаа цэгцэлж авна" хэмээн хариулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Татвар нэмэх асуудлаа хэрхэн шийдэх гэж байна. Хасах 4 их наядын алдагдлаа хаанаас нөхөх гэж байгаа юм бэ. Ирэх долоо хоногт ямар нэг юмаа зарах гээд байна уу" гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Бид янз бүрийн юм ирэх 7 хоногт зарах гэж байгаа юм байхгүй. Ер нь бол төсвийн сахилга батыг чангатгана" гэлээ.

Энэ үеэр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг "Хэлэлцэх шаардлагагүй" хэмээн үзэж, хууль санаачлагчид нь буцаалаа.

Б.Туул

 

Related news