Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
МЭНДЧИЛГЭЭ
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагийн 95 жилийн ойд
Ардын хувьсгалтай зэрэгцэн гал голомтоо бадраасан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Та бүхний энэ баяр монголчууд бид төрт ёс, түүх уламжлалынхаа их ойнуудыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн нэр хүндтэй уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулаад байгаа бахархалт өдрүүдэд тохиож буйг хэлэхэд таатай байна.
Энэхүү түүхэн боломжид тулгуурлан, улс үндэснийхээ гайхамшигт түүх соёл, ардчилсан хөгжил, дэвшлийг дэлхий дахинд таниулан сурталчлахад танай байгууллага ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэе.
Үндэсний мэдээллийн ууган байгууллагын нэг Монголын Цахилгаан Мэдээ бол төр засаг, ард түмнийхээ өмнө улс эх орон хийгээд дэлхий дахины мэдээллийг үнэн бодитой, түргэн шуурхай, ул суурьтай түгээх өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд ариун, онцгой үүрэг хүлээсэн байгууллаг мөн.
МОНЦАМЭ агентлагийн үе үеийн ахмад ажилтнууд, нийт сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд Та бүхэнд 95 жилийн тань ойн энэ өдөр, хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний үүтгэсэн тунгалаг сэтгүүлзүйн буухиа зуун зуунд өртөөлөх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Төрийн ордон, Улаанбаатар хот
2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Гэрэл зургийг Т.Чимгээ