БАЯН-ӨЛГИЙ: Гол, нууруудын мөс 10-50 см-ээр нимгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-11 13:44:24

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Гадаргын ус судлалын өртөөнөөс тус аймгийн нутаг дэвсгэр дэх томоохон голуудын мөсний үзэгдэл ба мөсний зузааны тоймыг гаргажээ.


Тойм мэдээнээс харахад, энэ сарын 10-ны өдрийн байдлаар Ховд, Буянт, Харбут, Согоог, Цагаан голууд 10-166 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа. Харин Булган, Сагсай, Алтай, Чихэртэй зэрэг голын мөсний зузааныг хэмжих боломжгүй байна. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх 7 хоногтой харьцуулахад 10-50 см-ээр хайлсан аж.


Түүнчлэн Ховд гол аймгийн төв хэсэгтээ усан захтай, Буянт сумын Сагсай, Булган сумын Булган голууд харзтай, Алтай сумын Харбут, Сагсай сумын Турган голууд усан захтай мөсөн бүрхүүлтэй байна.

  

Гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, байрандаа хайлах, усан зах, харз зэрэг үзэгдлүүд идэвхжиж байгаа тул иргэдийг шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. 

Related news