БАЯН-ӨЛГИЙ: А.Гылымхан: Төр засаг Өлгий боомтыг сэргээхэд онцгой анхаарч байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын "Боомтын сэргэлт" бодлогын хүрээнд Баян-Өлгий аймагт хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар Боомтын захиргааны Өлгий, Цагааннуур, Даян боомтыг хариуцсан төлөөлөгч А.Гылымхантай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газрын "Боомтын сэргэлт" бодлогын хүрээнд Баян-Өлгий аймагт хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолоор Хилийн боомтын захиргааг байгуулсан. Гол зорилго нь бол ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс, хот хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах, боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх байгаа.
Дараа нь хилийн боомттой аймгуудад Боомтын захиргаа байгуулсан. Баян-Өлгий аймгийн хувьд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Цагааннуур, Даян гэсэн хоёр боомттой. Мөн агаарын замын Өлгий боомт байгаа. Засгийн газрын Боомтын сэргэлт бодлогын хүрээнд боомтуудыг сэргээх, гадаад харилцааг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч байна. Саяхан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын баг манай аймагт ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад явсан. Энэ үеэр Цагааннуур боомтод очиж ажилласан байгаа.
Боомтын сэргэлт бодлогын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар дурдахад, Цагааннуур боомтод шинэ цогцолбор барихаар төлөвлөж, зураг төсвийг нь гаргаад экспертизд оруулж байгаа. Тус боомтоор орж гарах зорчигчдын тоо, ачааны хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн. Түүнчлэн 324 мянган тонн ачаа орсны 88 мянган тонн нь газрын тосны бүтээгдэхүүн юм. Боомтоор 40 гаруй мянган зорчигч гарч, мөн тооны зорчигч орсон мэдээтэй байна.
- Даянгийн боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?
-1991 онд анх нээгдэж байсан Даянгийн боомтын үйл ажиллагааг өргөтгөх Засгийн газрын том бодлого явж байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь ирж ажилласан. Энэ үеэр тус боомт орох зам муу, дэд бүтэц болон гааль, хил хамгаалах, гадаадын иргэд, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын ажиллах байр байхгүй байгаа тул зам тавих, боомтын цогцолбор барих асуудлыг хөндсөн байгаа. Үүний дагуу өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Засгийн газар, орон нутаг, холбогдох байгууллагуудын зүгээс олон ажлуудыг хийгээд байна.
Тухайлбал, аймгийн төвөөс Даянгийн боомт орох 180 км
замын зураг төсвийг 500 гаруй сая төгрөгөөр хийлгэж, экспертизд оруулж бэлэн
болгосон. Түүнээс гадна цахилгаан эрчим хүчний шугам татах ёстой. Одоо Цэнгэл
сумын нутаг дэвсгэрт орших Хотон, Хурган нуур руу 4,8 тэрбум төгрөгөөр
цахилгаан дамжуулах агаарын шугам татаж байгаа. Тухайн газраас Даянгийн боомт
руу цахилгааны шугам татах ажлын зураг төсвийг аймгаас мэргэжлийн
байгууллагуудаар хийлгэсэн байна. Одоо тус ажлын санхүүгийн тооцоо, төсвийг
гаргаж байна. Үүнээс гадна шилэн кабельд холбох ёстой. Боомтын цогцолборын
зураг төсвийг “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслөөр 500 гаруй сая төгрөгөөр гаргаж, экспертизд оруулаад явж байна. Монгол
Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа сая манай
аймагт ирэхдээ эхний ээлжид Цагааннуур, Даянгийн боомтыг тохижуулах,
шаардлагатай хөрөнгийг 2024 оны улсын төсөвт оруулах уу, эсвэл гадаадын зээл
тусламжаар бариулах уу гэдгийг шийдэхээ илэрхийлсэн байгаа.
БНХАУ-ын Алтай аймгаас олон жилийн өмнө Даян, Хуншаньзюй боомтын хоорондох голд гүүр барихаа илэрхийлж байсан. Энэ ажил олон газраас зөвшөөрөл авдаг тул өнөөдрийг хүртэл хойшлогдсоор ирсэн. Үүнийг ажил хэрэг болгохыг дэмжихээ салбарын сайдаар ахлуулсан ажлын баг хэлээд явсан. Даянгийн боомтын үйл ажиллагааг ирэх зургаадугаар сарын 1-нээс нээнэ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар ажлын багууд байгуулж, бэлтгэл ажлуудаа хангаад явж байна.
- Даянгийн боомтын үйл ажиллагааг өргөтгөснөөр ямар эерэг үр дүн гарах вэ?
- Аялал
жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Даянгийн боомтын цаана 100 орчим
км зайд БНХАУ-ын Ханаас гэдэг аялал жуулчлалын том цогцолбор байгаа. Тухайн
газарт жилд 25 орчим сая хүн ирдэг. Боомт руу зам тавьж, үйл ажиллагааг нь
өргөтгөснөөр эдгээр жуулчдыг наашаа татах боломж бүрдэнэ. Цагааннуурын
боомт хүртэлх баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам энэ жил бүрэн ашиглалтад орсон байгаа. Одоо аймгийн төв Өлгий хотоос Даянгийн боомт хүртэл зам
тавьсан тохиолдолд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг хамгийн дөт авто замаар холбосон эдийн засгийн коридор бий болох юм. Хятадын талаас Хуншаньзюй боомт руу ирэх
зам, боомтын тохижилт, цахилгаан бүх асуудал нь шийдэгдээд манайхыг хүлээгээд
байгаа гэсэн асуудал яригдаж байна.
- Даянгийн боомтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах уу?
-Тус боомт нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлаас болж бараг ажиллаагүй шахуу байгаа. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа цагийн хуваарийг зохицуулж өгч болно гэсэн. Одоохондоо цагийн хуваарийг өөрчлөх төлөвлөгөө байхгүй. Ззургаадугаар сарын 1-нээс хуваарийн дагуу нээнэ. Орох, гарах хүний тоо нэмэгдвэл асуудал тавьж шийдье гэж байгаа. Түүнээс гадна Цагаануур боомтын цагийн хуваарийг бас хөндөж тавьсан. ОХУ-ын Ташанта боомт үдийн цайны завсарлагаагүй ажилладаг ч манайх 1 цаг завсарладаг. Тийм учраас үдийн цайны завсарлагыг байхгүй болгох, зуны 6, 7, 8 дугаар сард уртасгасан цагаар ажиллах санал гаргасан. Түүнээс гадна 24 цагаар ажиллуулах асуудлыг ч тавьж байгаа шүү дээ. Боомтыг 24 цагаар ажилладаг болгох хүртэл эхний ээлжид үдийн цайны 1 цагийн завсарлагааг байхгүй болгож, холбогдох байгууллагууд илүү цагаар үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажиллах хүчний орон тоо, санхүүгийн асуудлыг зохицуулж өгөх асуудлыг тавьсан. Үүнийг шийдэж болно гэдгийг салбарын сайд илэрхийлсэн байгаа.
- Өлгий агаарын боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна?
- Манай улсад 6 агаарын замын боомт байдаг. Тэдгээрийн нэг нь Өлгий боомт байгаа. Тус боомт олон жил ажиллаагүй. Энэ жил 4,5 тэрбум төгрөгөөр нисэх буудлын барилгыг өргөтгөх ба тендерийг нь зарлаад явж байна. Мөн нисэх, буух зурвасыг өргөтгөх ажлын зураг төсвийг хийж байгаа. Үүний хажуугаар навигацын тоног төхөөрөмжийг нь шинэчлэх шаардлагатай тул мэргэжлийн байгууллагуудтай ярьж байна. Жуулчдыг татах зорилгын хүрээнд төр засаг Өлгий агаарын замын боомтыг сэргээхэд онцгой анхаарч байгаа.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Related news

